Коронавирусийн эсрэг вакцины үр дүнгийн талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "АстраЗенека вакцины нэмэлт тун буюу гуравдугаар тунг хийсний дараа альфа, бетта, дельта хувилбараас сайн хамгаалж байна гэсэн судалгааг Оксфордын их сургуулийн судлаачид гаргасан.
Манай улсын хувьд нэмэлт тун буюу гуравдугаар тунг хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа хүмүүс болон иргэддээ сайн дурын үндсэн дээр хийгээд эхэлсэн билээ. Зарим иргэдийн дунд вакцин хийлгээд халдварт өртөхгүй мэтээр ойлгож, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй байх тохиолдол байна. Аль ч үйлдвэрийн вакциныг хийлгээд өвчилж болно. Гэхдээ вакцин хийлгэснээр уг өвчнөөр хүнд хэлбэрээр өвдөх болон нас баралтаас өөрийгөө хамгаалж буйг ойлгох нь чухал. Өөрөөр хэлбэл, Коронавируст халдварын эсрэг вакцин нь хүндрэл, нас баралтаас 92 хувь хамгаалахын зэрэгцээ хувилбарт халдвараас ч сэргийлж буйг онцлон хэлмээр байна" гэлээ.
Монгол улсад вакцины үр нөлөө ямар байгаа талаар манай эрдэмтэд судалгааг хийж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр хэллээ. Дэлхийн дундажтай харьцуулбал манай улсад нас баралт хамгийн бага бүртгэгдсэн аж. Энэ нь вакцины үр нөлөөтэй шууд хамааралтай. Вакцин нь халдвараас 75 хувь хамгаалж байна гэсэн тооцоо судалгааг манай эрдэмтэд гаргасан байна. Монгол улсад нийт халдвар авсан хүмүүсийн 0,5 хувь нь энджээ.