Венесуэлийн баруун болон өмнөд нутагт бороо үргэлжлэн орж, үер буусантай холбогдуулан онц байдал зарлах зарлигт тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро гарын үсэг зуржээ. Тодруулбал, Апуре, Боливар, Яракуй, Сулиа, Мерида мужид байгалийн гамшиг болсонтой холбогдуулан 90 хоногийн турш онц байдал зарлажээ. Ингэснээр гамшгийн уршигтай тэмцэхэд шаардлагатай хөрөнгө, мөнгө гаргах боломж нээгдэж буй аж.
Үерийн улмаас тус улсын 20 иргэн амиа алдаад байна. Мөн хэдэн арван барилга нурж, 1200 байшин сүйджээ. Тус бүс нутагт цахилгаан хангамж болон холбоо харилцаа доголдсон гэнэ.
Хүн амынх нь хүнд байдлыг хөнгөвчлөхийн тулд тус улсын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ цуцлах боломжийг судлахыг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет удаа дараа уриалав. Тэрбээр НҮБ-ын чуулганы үеэр үг хэлэхдээ, тухайлсан салбарын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээ болон “Ковид-19” тус улсын нийгэм эдийн засгийн урьд нь байсан тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж буйг сануулжээ.
2019 оны нэгдүгээр сарын 23-нд сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласнаас хойш Венесуэлд байдал эрс хурцадсан юм. Үүнээс хоёр хоногийн өмнө тус улсын Дээд шүүх түүнийг парламентын даргын албан тушаалд томилох шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Хуан Гуайдог Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч болсныг АНУ болон Лимагийн бүлгийн гишүүн орнууд (Мексикээс бусад улс), Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрсөн. Болсон үйл явдлыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээгээд АНУ-тай дипломат харилцаагаа цуцалснаа мэдэгджээ. Түүнийг дэмжиж буйгаа ОХУ, Беларусь, Иран, Хятад, Куба, Никарагуа, Сири, Турк илэрхийсэн аж.
Н.Мадуро өнгөрсөн зургадугаар сарын 18-нд “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө улсынх нь эсрэг АНУ-аас авсан хориг арга хэмжээнүүдийг харгислал хэмээгээд Вьетнамын дайны үеийн Америкийн зэвсэгт хүчний ажиллагаатай жишсэн юм. Уг хориг арга хэмжээнүүдийн улмаас Венесуэл нефтийн салбараа хөгжүүлэх, газрын тосоо чөлөөтэй худалдах, алт олборлож, экспортлох боломжгүй болсноор олон улсын, тухайлбал, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсныг тэрбээр хэлсэн билээ.