Монгол Улс товлолын болон халдварт өвчний 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай. Тэгвэл Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төсөл, НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд “Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын өргөтгөл”-ийн барилгыг гурван сарын хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа.
Энэхүү өргөтгөл нийт 1.686 ам метр талбайтай бөгөөд дотроо хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай. Мөн өдөрт 100 килограмм хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дэвшилтэт технологи, шийдэлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болжээ.
Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орсноор хамгийн багадаа 2-3 сая тун вакциныг нэг дор хүлээн авах, нөөцийг зохистой хадгалах шинэ дэвшилтэт техникийг суурилуулсан байна.
Эл биобэлдмэлийн төв агуулах нь хуучнаасаа дөрөв дахин их вакциныг хадгалах боломжтой.