Коронавирусийн халдвар идэвхтэй тархаж байгаа энэ үед томуу, томуу төст өвчин улам нэмэгдэх эрсдэл бий, эсэх талаар Эрүүл мэндийн яамны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхантай цөөн хором ярилцлаа.
-Халдварын гуравдугаар давлагаа есөн сарын дундуур болох магадлалтай гэдгийг манай эрдэмтэд мэдээлсэн. Энэ үетэй давхцан томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэл бий юу ?
-Томуу томуу төст өвчин нь агаар туслын замаар дамждаг өвчин учраас нэмэгдэж болзошгүй. Иймд уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд нийгмийн хариу арга хэмжээг авч ажиллах нь хамгийн зөв сонголт. Өөрөөр хэлбэл, нийгмийн хариу арга хэмжээ гэдэгт хүн хоорондын зайгаа барих, гарын ариун цэврээ сахиж, гараа зөв угаах, маскаа зүүх, олон хүн цугласан газар очихгүй байх зэрэг орно.
Бас өвөрмөц хамгаалах арга хэмжээ гэж байдаг. Энэ нь томуугийн вакцин хийх юм. Томуугийн вакциныг хийлгэснээр харьцангуй хөнгөн хэлбэрээр өвдөх эсвэл өвдөхгүй байх боломжтой. Томуугийн вакциныг манай улсын хувьд есөн сарын 28-нд хүлээн авч, аравдугаар сараас 1-ээс эрсдэл бүлгийн хүмүүс болон хүүхдүүдэд тарина.
-Томуугийн вакцинд хамрагдсанаар өөрийгөө бүрэн хамгаалчихлаа гэж ойлгож болох уу ?
-Болохгүй ээ. Томуугийн вакцин 60 хувь л хамгаална. Уг вакциныг хийлгэснээр хөнгөн өвдөх, дархлаа сайн тохиолдолд өвдөхгүй байх гэсэн давуу талтай.
-Томуугийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг. Гэтэл иргэд уг вакциныг хийлгэсэн ч болно, хийлгэхгүй байсан ч болно гэдэг түгээмэл ойлголттой байдаг шүү дээ. Үүнд та юу гэж зөвлөх вэ ?
-Аливаа нэг вакциныг товлолын болон сайн дурын үндсэн дээр иргэдэд хийдэг. Товлолын вакцинд заавал хамрагдах ёстой. Бас иргэд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдана. Ялангуяа архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцинд хамрагдсанаар хүндрэх эрсдэлээс өөрийгөө хамгаалдаг давуу талтай. Хүүхдүүд ханиад, томуугаар өвчлөхгүй байх сайн тал бий.
-Ялангуяа ковидтой энэ үеэд томуу, томуу төст өвчнөөс иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Томуу томуу төст өвчин амьсгалын замаар илүү дамжиж халдварладаг өвчин. Ханиаж, найдахдаа ам, хамраа гараараа дарж ханиалгаж болохгүй. Учир нь хүн гараараа бүх юманд хүрдэг болохоор халдварт өвчин дамжих өндөр эрсдэлтэй. Иймээс зөв ханиалгах хэрэгтэй. Зөв ханиалгах гэхээр иргэд гайхаж магд. Тохиогоо өргөж байгаад ханиалгахыг хэлж буй. Дараагаар нь гараа зөв угаах буюу гар угаах зургаан дарааллаар гараа маш сайн савандаж угааснаар коронавирусийн халдвар болон томуу томуу төст өвчнөөс бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой.
Мөн амны хаалтаа зөв зүүх. Иргэд амны хаалтаа чихнийхээ нэг талд, эрүүндээ гэх мэтээр буруу зүүх тохиолдол сүүлийн үед илүү их анзаарагдах боллоо. Иймд амны хаалт нь хамар, амыг битүү хаасан байх ёстой. Бас амны хаалтаа гурван цаг тутамд солих хэрэгтэй. Эдгээр урьдчилсан сэргийлэх аргыг хэрэгжүүлснээр халдварт өвчин болон томуу томуу төст өвчнөөс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой.
Дараагийн нэг чухал зүйл нь вакцинд хамрагдах юм. Засгийн газраас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд 360 мянга гаруй хүн тун вакциныг захиалсан байгаа. Өөрөөр хэлбэл, томуугийн вакциныг эрсдэл бүлэг болон бага насны хүүхдүүдэд илүү голчилж хийдэг.
-Ярилцсанд баярлалаа