Нийслэл хотод 2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох цахим сургалт өнөөдөр эхэлжээ.
Сургалтаар “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь”, “Коронавируст халдвар (Ковид-19) ба сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл түгшилт” зэрэг сэдвээр нарийн мэргэжлийн эмч нар сургалт хийж байгаа ба сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээ авах багууд хамрагдаж буй гэнэ.
Түүнчлэн энэ сарын 26-наас эхлэн Дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвтэй хамтран сургууль, цэцэрлэгийн эмч нарт “Коронавируст халдвар (Ковид-19) илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх талаар дадлага, сургалтыг танхимын хэлбэрээр дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.