Алжир улс хөрш Марокко улстай дипломат харилцаагаа тасалжээ. Энэ тухай Алжирын Гадаад хэргийн сайд Рамтан Ламамра мягмар гарагт мэдэгдэв.
"Марокко тусгаар тогтносноосоо хойших түүхийнхээ хугацаанд манай улсын эсрэг өдөр бүр бузар муу үйл хийсээр ирсэн" гэж дипломатч цохон хэлжээ.
Түүний мэдэгдсэнээр, Мароккогийн дайсагнасан үйлдэл дипломат харилцаагаа таслах шалтгаан болсон байна. Алжирт үйл ажиллагаа явуулдаг "Кабилиягийн өөртөө засан тохинох эрхийн төлөөх хөдөлгөөн" болон лалын шашинтнуудын “Рашад” бүлэглэлийг дэмжсэн зэрэг олон гэмт хэрэгт Морокко улсыг буруутгаж байгаа ажээ. Эдгээр бүлэглэлүүдийг Алжирын хойд хэсэгт гарсан ойн түймрийг тавьсан гэж сэжиглэж байгаа аж
"Марокко улс Алжирын аюулгүй байдлыг алдагдуулахын тулд террорист бүлэглэлүүдтэй нэг бус удаа хамтран ажилласан. Үүнээс гадна, Мароккогийн тусгай албаныхан Алжирын албан тушаалтнуудыг тагнаж мөрдсөн гэх мэдээлэл бий" гэж Ламамра мэдэгдсэн байна.
Үүний хариуд Мароккогийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийж, Алжир улсын дипломат харилцаагаа таслах шийдвэрийг "огт үндэслэлгүй" бөгөөд "утгагүй шалтагт" үндэслэсэн гэж мэдэгджээ.