Беларусийн хууль бус цагаачдын цуваанд дарагдсан Польшийн эрх баригчид хил дээрээ 2.5 метр өндөр бат бэх хаалт босгохоор шийджээ. Александр Лукашенко тэргүүтэй Беларусийн эрх баригчдыг санаатайгаар хөрш орнууд руугаа олон мянган дүрвэгч илгээж байна хэмээн Польш болон Балтын тэнгисийн орнууд буруушааж буй.
Польш, Беларусийн хилийн урт 399 километр. Хилийн хаалт барихыг Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак твиттер хуудсаар дамжуулан мэдээлэхдээ өргөст торон хаалт татаж буй цэргүүдийн гэрэл зургийг тавьжээ. Ийм 100 гаруй километр урт хаалт хэдийн босгосон аж.
Беларусьтай Польшоос гадна Литва, Латви, Эстони улс хиллэдэг. Эдгээр улсын Ерөнхий сайд нар даваа гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлдээ “Дүрвэгч, цагаачдыг Европын Холбооны бүс нутгийн аюулгүй байдлын эсрэг зэвсэг болгон хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна” хэмээгээд, Беларусийн эсрэг арга хэмжээ авахыг НҮБ-д уриалжээ.
Беларусийн эрх баригчдыг Европын Холбооны хориг арга хэмжээний хариуд Ирак, Сирийн хууль бус цагаачдыг Минкс рүү олноор нь ирүүлээд, эргээд хүчээр хил давуулдаг хэмээн хөрш орнууд болон хэвлэлүүдэд бичдэг.
Энэ зун Ойрхи Дорнодын хууль бус олон мянган цагаачийн эхний хэсэг Литвад очжээ. Үүний улмаас өнгөрсөн сард тус улс хил дээрээ онц байдал тогтоож, хаалт босгож эхэлсэн. Харин энэ сараас хилчид нь албадан гаргах болсны дараа хууль бус цагаачдын цуваа зогсжээ. Хоёр сарын хугацаанд Литвад хууль бус 4141 цагаач нэвтэрсэн гэнэ. Тэдний тоо өнгөрсөн онд 74 байв. 508 километр урт хил дагуух хашаагаа ирэх сард барьж дуусгахаа Литвагийн Ерөнхий сайд Ингрида Шимоните зарласан байна. Өргөст тор бүхий гурван метр өндөр хашааг барихад 152 сая евро зарцуулахаар төлөвлөжээ.
Харин Латви энэ сарын 10-наас хууль бус хэдэн зуун хүний цуваа орж ирсний дараа хилийн гурван дүүрэгтээ онц байдал зарлаж, хил зөрчигчдөд хүч хэрэглэхийг хүчнийхэндээ зөвшөөрсөн аж. Тэгвэл Польш энэ онд Беларусиас бичиг баримтгүй ирсэн 900 орчим хүнийг баривчилжээ. Энэ сарын 6-9-нд гэхэд 349 хүн хил нэвтрэхийг завдсан аж. 2020 онд тэдний тоо 122 байв. Хэдэн өдрийн өмнө 32 афганыг саатуулсан гэнэ. Даваа гарагт Польш, Беларусийн дипломатчид уулзах үеэр Польшийн тал дүрвэгсдэд майхан, ор дэр зэрэг нэн шаардлагатай зүйлсээр туслахад бэлэн байгаа ч тэднийг Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах хэрэгтэйг мэдэгдсэн байна.