Хятадад интернэт дэх хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль баталсныг “Xinhua” агентлаг уламжлав. Хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл энэ нь хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах, хадгалах ажиллагааг бодитойгоор хязгаарлах ч хувийн байгууллагуудад илүүтэй хамаарч, мэдээлэл болон компаниудад тавих хяналтаа эрх баригчид улам ихэсгэж болзошгүй аж. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих хуульд тухайлбал, биометрийн өгөгдөл, эрүүл мэндийн талаарх, санхүүгийн данс, оршин суугаа хаяг гэх мэт нууц мэдээллийг ашиглахдаа хувийн зөвшөөрөл авахаар тусгажээ. Мөн хувийн мэдээллийг хууль бусаар ашиглан өргөдөл, үйлчилгээг түдгэлзүүлэх, хаах журмыг уг хуулиар зохицуулах болов.
Шинэ хууль баталсны дараа Хятадын технологийн томоохон компаниудын хувьцааны ханш буурчээ. Тухайлбал, Хонконгийн Хөрөнгийн биржид интернэт худалдааны “Alibaba”-гийнх 2.6, “JD.com”-ынх 2.1, электрон бараа үйлдвэрлэгч “Xiaomi”-гийнх 2.5, хайлтын “Baidu”-гийнх 1.8 хувиар буурсан байна. Энэ нь технологийн салбартаа Хятадын эрх баригчид дарамт шахалт үзүүлэхээр болсны эсрэг хөрөнгө оруулагчдын өгсөн хариу аж. Үүний эхний давлагааг өнгөрсөн оны эцсээр “Alibaba”-г үүсгэн байгуулагч Жек Маг мөрдөн шалгаснаар эхэлсэн гэж олон шинжээч үздэг. Мөрдөн шалгалтын дүнд тус компанийг давуу байдлаа урвуулан ашигласан хэмээн 2.8 тэрбум ам.доллароор торгожээ. Дараагийн давлагааг өнгөрсөн зургадугаар сард Зах зээлийн зохицуулалтын төрийн захиргаанаас (ЗЗЗТЗ) такси захиалгын цахим үйлчилгээний “Didi chuxing” компанийг мөрдөн шалгаснаар эхэлсэн гэдэг. Тус захиргаа технологийн салбарын монополчлолын эсрэг шинэ журмын төсөл боловсруулжээ. Уг журамд цахим хуудсан дахь хандалтын талаар худал мэдээлэл өгөхийг, зөвхөн эерэг тойм нийтэлж, сөрөг сэтгэгдлээ нуухыг хориглох, хэрэглэгч өөр компанийн цахим хуудсыг үзэж байхад өөрийнх рүү дахин чиглүүлэх, өрсөлдөгчдийн арилжааны үйл ажиллагааны тухай мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийхэд алгоритм, мэдээллийн сан ашиглахыг хориглохоор тусгасан байна. Үүний дараа “Alibaba”, “Tencent”-ийн хувьцааны ханш 4.6 болон 4.2 хувиар буурчээ. Тус хоёр компанийг ЗЗЗТЗ-наас энэ онд монополчлолын эсрэг хууль зөрчсөн хэмээн торгож байв.
Шинэ хууль нь БНХАУ-ын төв эрх мэдэлтнүүд доод түвшний агентлагуудын мэдээлэл ашиглах, боловсруулахад хяналт тавих ажлыг хөнгөвчилж, Засгийн газрын тандалт судалгааны ажлыг хууль, эрх зүйн ямар нэгэн хязгаарлалтгүй болгож байна гэж АНУ-ын Йелийн их сургуулийн Хуулийн сургуулийн Хятад судлалын төвийн шинжээч Карман Люсеро үзэж байна. Өөрөөр хэлбэл, Хятадад хяналт тавигчдад тавих хяналт өдгөө тун бага болсныг тэрбээр “Wall street journal” сонинд өгсөнярилцлагадаа тэмдэглэжээ. “Шинэ хууль нь мэдээлэл боловсруулах буюу өгөгдлийн менежментийн талаар Хятадын эрх баригчдын хийсэн гурвалсан арга хэмжээг дуусгаж, технологийн компаниудыг зохицуулах шинэ эрин үеийг эхлүүлж байна” гэж Хятадын зөвлөх “Trivium China” компанийн түнш Кендра Шафер CNBC телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ.