Орон нутагт 400 гаруй хурим найр болсны улмаас халдварын тохиолдол эрс нэмэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. Тэрбээр, "Дотоодын аялал, жуучлал, хурим найртай холбоотойгоор орон нутагт халдвар идэвхтэй тархаж байна. Хүүхдийн үсний найр болон хурим найр хийх эсэх иргэдийн өөрсдийн ухамсрын асуудал. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж олон хүн цугласан найр хурим хийхгүй байхыг зөвлөж байна.
Мөн сүүлийн 14 хоногийн хугацаанд халдварын дельта хувилбарын мутаци орон нутаг болон нийслэлд нэмэгдэх магадлал өндөр байгаа юм. Өдөрт батлагдаж байгаа нийт тохиолдлын 30-80 хувьд дельта хувилбар илэрлээ. Дельта хувилбар нь нэг хүнээс нөгөө хүнд халдварлахдаа хоёр дахин хурдацтай тархаж буй. Өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр. Иймд иргэн бүр халдвар, хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй" гэлээ.