Тайпэйгийн засаг захиргаа болон Вашингтоны өдөөн хатгасан үйл ажиллагааны хариуд Тайванийн ойролцоо Хятадын ардын чөлөөлөх арми цэргийн сургуулилалт явуулж буй тухай Байлдааны командлалын дорнод бүсийн албан ёсны төлөөлөгч Ши И нь мэдэгдэв.
Тус арлын баруун болон зүүн өмнөд талын усан, агаарын орон зайд хийж байгаа сургуулилалтад байлдааны хөлөг, усан онгоц эсэргүүцэх болон сөнөөгч ашиглаж буйн сацуу энэ үеэр зэвсэгт хүчний ерөнхий чадавхыг шалгах аж.
Вашингтон болон Тайпэй тэнгисийн эргүүл хийх талаар хамтран ажиллах тухай санамж бичгийн дагуу энэ сарын 11-нд хуралдсан юм. Уг баримт бичигт өнгөрсөн гуравдугаар сард гарын үсэг зурсан юм. Мөн энэ сарын 6-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэд Тайвань ажиглагчийн статустай болоход Төрийн департамент нь туслахаар заасан хуулийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим баталжээ.
Хятадын нэг муж хэмээн олон орон үздэг Тайвань 1949 оноос бие даасан засаг захиргаатай болсон. АНУ 1979 онд дипломат харилцаагаа Тайваниас тасалж, БНХАУ-тай байгуулсан юм. “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрдөг Вашингтон Тайпэйн засаг захиргаатай өнөө болтол холбоотой төдийгүй зэвсэг нийлүүлдэг. Хятадаас салан тусгаарлах дохиог Тайпэйд өгөхгүй байхыг АНУ-д Бээжин удаа дараа уриалж буй.