Үйл ажиллагааны бүх нийтийг хамарсан хамтарсан төлөвлөгөөний талаар зөвшилцөлд хүрээгүй тул Иран улс Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хүрээнд цөмийн хөтөлбөрөө хөгжүүлнэ гэж тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Саид Хатибзаде мэдэгдэв. Үүний өмнө Иран уранаа 60 хувь хүргэж баяжуулахын тулд төхөөрөмжийнхөө тоог хоёр болгосныг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (МАГАТЭ) мэдээлжээ.
Урьд нь АНУ-ын Төрийн департамент Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хүрээнд хэлэлцээнд эргэн орохыг Иранд уриалж байсан билээ. Эл баримт бичгийн дагуу хүлээсэн үүргээсээ Иран улам бүр холдож байна гэж Австрийн нийслэл Вена дахь МАГАТЭ-гийн дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Михаил Ульянов үзэж байна. Хэлэлцээг сэргээх талаарх уулзалтын сүүлийн шат өнгөрсөн зургадугаар сарын 20-нд болсон юм. Үүний дараа Ираны шинэ Ерөнхийлөгч Эбрахим Раиси тангаргаа өргөх хүртэл түр завсарласан билээ. Тэрбээр энэ сарын 5-нд үүрэгт ажилдаа орсон ч хэлэлцээг сэргээсэнгүй.
Түүний өмнөх Ерөнхийлөгч Хасан Роухани улсад нь ураныг 90 хүртэл хувь баяжуулах хүчин чадал бий хэмээн мэдэгдэж байв. Гэхдээ уранаа МАГАТЭ-гийн хяналт доор энхийн зорилгоор баяжуулж буйгаа тэрбээр тэмдэглэсэн юм.