Хүн, амьтан болон бусад бүх амьд биетийн өсөлт, хөгжлийн гол хөшүүрэг, орших үндэс болсон макро молекул гэгддэг гурван зүйл бий. Тэдгээр нь ДНХ, РНХ болон уураг. Аль нэгийг нь байхгүйгээр төсөөлөх боломжгүй эдгээр зүйлээс ДНХ буюу дезоксирибо нуклейний хүчил нь гений мэдээллүүдийг агуулдаг бөгөөд удамд дамждаг онцлогтой. Тодруулбал, ДНХ-ийн хэсгүүдийг ген гэдэг. Мөн ДНХ нь эсийн болон уураг, РНХ-ийн молекулууд хоорондын хэлхээ холбооны талаарх мэдээллийн зааврыг агуулдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр нь хэрхэн холбогдсон, аль хэсэгт нь гэмтэл, гажиг үүссэн зэргийг мэдэхийн тулд ДНХ-ийн мэдээллийг судлах шаардлагатай. Энэ утгаар нь дезоксирибо нуклейний хүчлийг судлаачид барилгын эх зурагтай зүйрлэсэн байдаг. Амьд биетүүдийн гений цөм болсон энэхүү чухал зүйл гэмтвэл эргэн сэргэх боломжгүй учраас ДНХ-ийг аврах эрэл хайгуулыг олон орны эрдэмтэд хэдэн арваны турш хийсээр ирсэн байна. ОХУ-ын эрдэмтэд энэ тал дээр том амжилтад хүрэхэд ойрхон байгаа талаараа өнгөрсөн зургадугаар сард мэдээлж байсан. Тэгвэл судалгааны багийнхан гэмтсэн ДНХ-ийг засах механизмыг нээлээ хэмээн албан ёсоор зарлажээ. Ингэснээр хорт хавдрыг эмчлэх шинэ эм бүтээх болож нээгдэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Эрдэмтэд гэмтсэн ДНХ-ийн шинэ хэлхээсийг илрүүлсэн бөгөөд үүнийг нь полимер поли-АДФ-рибоз хэмээх фермент нөхдөг болохыг тогтоосон аж. Оросын ШУА-ийн Хими, биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч Ольга Лаврик “ДНХ нь исэлдэлт, хэт ягаан туяа, хүрээлэн буй орчны сөрөг нөлөө зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан байнга гэмтдэг. Үүнийг PARP ферментүүд засах боломжтойг нээлээ. Өөрөөр хэлбэл, бид эс доторх шинэ үйл явцыг олж тогтоосон. Өмнө нь энэ фермент зөвхөн уурагт үйлчилдэг гэж үздэг байсан” хэмээжээ.
Ташрамд сонирхуулахад, “Nature” сэтгүүл 1953 оны дөрөвдүгээр сарын дугаартаа ДНХ-ийн бүтцийн тухай гурван цуврал нийтлэл хэвлэсэн нь энэ талаарх олон нийтийн танин мэдэхүйн хэвшмэл, хуучинсаг ойлголтыг засаж, эргэлт болсон гэж үздэг байна. 1940-өөд он хүртэл олон улсын эрдэмтэд амьд биетийн шинж чанарууд удамшдаг гэдэгт санал нэгдэж байсан ч гений бүх мэдээлэл хаана хадгалагддагийг тогтоогоогүй, ихэвчлэн уураг үүнд чухал нөлөөтэй гэж үзэж иржээ. 1940-өөд оны дунд үед энэ асуултыг тайлах гогцоог ДНХ-ээс хайх ёстой гэсэн саналд нэгдсэн байна. ДНХ хэмээх чухал зүйлийг 1869 онд Швейцарын эрдэмтэн Иоханн Фридрих Мисчер нээсэн боловч үүндээ төдийлөн ач холбогдол өгөлгүй цагаан эсийн бүтцэд анхаарлаа голлон хандуулснаар амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэнтэй адил юм болжээ. ДНХ ямар чухал зүйл болохыг Английн гурван эрдэмтэн, тодруулбал, молекул биологич, биофизикч Фрэнсис Крик (1916- 2004), Жеймс Дюни Уотсон (1928 онд төрсөн, өдгөө АНУ-ын Иллинойс муж улсад амьдарч буй), Морис Уилкинс (1916-2004) нар 1962 онд нээж Нобелийн шагнал хүртжээ.
Бэлтгэсэн Э.Хана