Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас "Бумбардай" хүүхдийн сувиллын аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Эл аяны хүрээнд өсөлт хөгжил, хоол тэжээлийн дутагдалтай, жингийн алдагдалтай, зорилтот бүлгийн өрхийн 60 хүүхдийг сувилалд хамруулдгаараа онцлогтой.
Ингэхдээ "Хүүхдийн хоолны журам, хоолны аюулгүй байдал", "Нярайн асаргаа сувилгаа" сэдвээр эцэг, эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг аж. Хүүхдүүдийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх зорилгоор сувиллын үйл ажиллагааг "Шим билэг", "Өнө-Орших", "Энхийн хүслэн" өрхийн эрүүл мэндийн төв, багийн төвтэй хамтран “Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур” сумын дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй гэнэ.
“Бумбардай” сувилалд зургаан сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдүүд хамрагдах боломжтой.