Манай улсад коронавирусийн дельта хэлбэр тархаж, нийт эерэг тохиолдлын 10 орчим хувийг эзлэх болсныг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдэгдэв. Тэрбээр “Энэ (өнгөрсөн) долоо хоногт бид нийт эерэг гарсан сорьцуудын 10-20 хувьд нь PCR шинжилгээнд суурилсан, мутац илрүүлэх шинжилгээ хийсэн. Эл шинжилгээгээр 369 сорьцын 11.6 хувиас нь дельта хэлбэрийн халдвар илэрсэн. Үүнийг нийт эерэг тохиолдлын 10 хувь нь дельта хэлбэр гэж дүйцүүлж ойлгож болно. Түүнчлэн бид Япон руу сорьцууд явуулж, мутац илрүүлэх шинжилгээ хийлгэж байгаа. Өнгөрсөн сарын 16-наас өмнө илгээсэн 38 сорьцын 82.3 хувь нь альфа, 5.2 хувийг нь дельта хэлбэр эзэлсэн. Бусад нь манай улсад үүссэн мутац байсан. Өөрөөр хэлбэл, дельта хэлбэрийн халдварын эзлэх хувь өнгөрсөн сарынхаас нэмэгдсэн” гэв. Манай улс коронавирусийн мутацын шинжилгээг дотооддоо хийсний дараа хариуг гадаад руу явуулж, баталгаажуулдаг гэнэ. Цаашид ДЭМБ болон Япон Улсын тусламжаар манайд коронавирусийн мутац тодорхойлох хоёр лаборатори ашиглалтад оруулах болжээ. Ингэснээр тандалт, судалгаа улам сайжрах гэнэ.