Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 9059 иргэн “Ковид-19”-өөр өвчилж, уг өвчний улмаас 24 иргэн эндлээ. Халдвар авсан болон нас барсан хүний тоо өмнөх долоо хоногийнхоосоо ялимгүй буурчээ. Ялангуяа Улаанбаатарт хоногт илрүүлсэн тохиолдол өчигдөр 290-д хүрлээ. Харин орон нутагт илрүүлсэн тохиолдлын тоо төдийлөн буураагүй. Баян-Өлгий, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ аймагт сүүлийн долоо хоногт коронавирус эрчимтэй тархсан. Хичээлийн жил хаяанд ирсэн учраас иргэд халдвар хамгааллын дэглэм сахиж, хүүхдүүдээ эрсдэлээс сэргийлэхийг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. Тус төвийнхөн “Нийт шинжилгээнд эзлэх эерэг тохиолдлын хувь өндөр хэвээр байна. Улсын хэмжээнд энэ үзүүлэлт 15-20 хувьтай. Улаанбаатар хотын хувьд таван хувь руу ойртож байгаа. PCR шинжилгээнд эзлэх эерэг тохиолдлын хувь таваас буурвал халдварыг хяналтдаа авсан гэж дүгнэх боломжтойг ДЭМБ-аас зөвлөсөн. Гэсэн ч хичээлийн шинэ жил эхэлж, хүн амын хөл хөдөлгөөн ихсэх үеэр халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна” гэв
Бэлтгэсэн М.Оч