Ургамлын тоос, ялангуяа шарилжийн харшлын “улирал” эхлээд байна. Харшлын үед ямар арга хэмжээ авах талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийн их эмч Э.Батчимэгтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд ургамлын тоосны харшилтай хүн олширсон. Яагаад хүмүүс амархан харшилтай болоод байна вэ?
-Ургамлын тоос, тоосонцор хувцас, үсэнд наалдаж удаан явснаар харшилтай болох магадлалтай. Өрөө, тасалгааны цонх онгорхой үед гаднаас орж ирсэн тоос, тоосонцрыг цэвэрлээгүйгээс харшил сэдэрдэг. Бас иргэд зэрлэг ургамал зулгааж байгаад харшилтай болох тохиолдол элбэг. Тиймээс хөл газрын ургамлыг цэвэрлэхдээ амны хаалт, хамгаалалтын шил, бээлий, урт ханцуйтай цамц өмсөх шаардлагатай. Харшлын хөнгөн хэлбэр нь хамар битүүрч, нус гоожих, нүд загатнаж улайх, найтаах зэрэг шинж тэмдэгтэй. Харин хэт мэдрэг хүмүүст амьсгал боогдох, биеэр нь тууралт гарах зэргээр илэрдэг.
-Харшилтай хүмүүс ямар эмчилгээ хийлгэх вэ. Сэдрэхээс нь урьдчилан сэргийлэх аргууд бий юү?
-Нэн түрүүнд яг ямар ургамлаас харшилж байгаагаа оношлуулах шаардлагатай. Үүний дараа эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэнэ. Мөн угтуулах эмчилгээ гэж бий. Уг эмчилгээг гурав, дөрөвдүгээр сард буюу ургамал тоосоо гөвөхөөс өмнө хийдэг. Тэгэхээр харшилтай хүмүүс ирэх жил эл эмчилгээг хийлгэж болно гэсэн үг. Харшил нь хүнд хэлбэрээр илэрсэн иргэд заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хэрэгтэй. Манай төвд орны хүрэлцээ тааруу тул зовуурь илэрсэн хүн бүрийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй. Зөвхөн биеийн байдал нь хүндэрсэн иргэдийг л хэвтүүлдэг.
-Бага насны хүүхдүүдэд харшлын ямар эмгэг түлхүү илэрч байгаа вэ?
-Хайрст үлд, арьсны идээт үрэвсэл, тууралт гарах нь их. Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд наранд удаан байх, голын хүйтэн усанд орсноос арьсны идээт үрэвсэл гарах тохиолдол цөөнгүй. Мөн хүүхдийн хоол хүнсэнд анхаараагүйгээс харшилтай болох нь элбэг. Амттан, удаан хугацаанд хадгалах зориулалттай хүнс, халуун ногоо, хийжүүлсэн ундаанууд чонон хөрвөс өвчин сэдрэх шалтгаан болдог. Хүүхдийг харшлын өвчнөөс сэргийлэх, дархлааг нь дэмжихийн тулд D аминдэм тогтмол уулгаж, цагаан идээ, жимс түлхүү идүүлж, аль болох эрт унтуулах нь зүйтэй.
Бэлтгэсэн: Б.Буянхүү