Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар буцааж томилох шийдвэр гаргажээ. ЭМЯ-ны удирдлага ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг энэ оны нэгдүгээр сарын 21-нд ажлаас нь чөлөөлсөн юм. Харин Д.Нямхүү эмч шүүхэд хандаж, өөрийг нь хууль бусаар ажлаас чөлөөлсөн хэмээн ЭМЯ-нд холбогдуулан ажилд эргүүлэн оруулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал зэргийг нөхөн олгох тухай нэхэмжлэх гаргасан билээ. Хоёрдугаар сараас хойш шүүхээс эл нэхэмжлэлийг шийдэж чадалгүй, хариуцагч тал буюу ЭМЯ-наас шүүх хурлыг удаа дараа хойшлуулж ирсэн гэх. Анхан шатны шүүх өнөөдөр хуралдаж, Д.Нямхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Ийнхүү Д.Нямхүү ХӨСҮТ-ийг дахин удирдах нь.
1997 оноос хойш ХӨСҮТ-д ажилласан Д.Нямхүү 2007 онд сонгон шалгаруулалтад орж, удирдах албан тушаалтан болсон. Улмаар түүнийг хэд хэдэн удаа ажлаас нь чөлөөлж байсан авч, албан тушаалаа тавьж өгөөгүй гэдэг.