ОХУ-ын хууль хяналтын байгууллагаас Интерполоор эрэн сурвалжилж буй иргэн нь Монголд байж болзошгүй гэх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Москвагийн төвийн тойргийн орлогч прокуророор ажиллаж байсан Руслан Паркиныг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах болсон нь хээл хахуулийн хэрэгт холбоотой” гэж ОХУ-ын хууль хяналтын байгууллагаас тараажээ.
Тус улсын мэдээллийн хэрэгсэлд Руслан Паркиныг Москва хотын төвийн тойргийн прокурорын байгууллагад ажиллаж байхдаа өөрийнхөө дарга Борис Гривцовын хамт “Росэнергомаш” холдингийн удирдагч Владимир Палахит болон түүний ажил хэргийн хамтрагч Николай Нестеренко нараас 15 сая долларын авлига авсан. Ингэхдээ В.Палахит, Н.Нестеренко нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгана гэх мэтээр дарамталж байжээ.
Руслан Паркин Москвагийн Холбооны аюулгүй байдлын албаны хурандаа Сергей Хацерноваар зуучлуулан энэ асуудалд холбогдсон бөгөөд В.Палахит, Н.Нестеренко нараас 200 саяыг авах зорилготой байсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичжээ.
Түүгээр зогсохгүй Р.Паркиныг Монголд нуугдаж байгаа хэмээн дурдсан байна. Бидэнд олдсон мэдээллээр Р.Паркин манай улсаар дамжин өөр орон руу гарсан бололтой. Түүнийг манай улсад нуугдаж буй гэсэн дээрх мэдээллийн дагуу бид ХХЕГ-ын болон цагдаа, Интерполын Монголын товчооныхноос тодруулсан юм. Хил хамгаалах байгууллагын эрх бүхий нэгэн ажилтнаас түүнийг хэзээ Монголд орж ирсэн болохыг лавлахад “Түүний регистрийн дугаар, бүтэн нэрийг мэдэхгүйгээр бүртгэлээс хайх боломжгүй учраас та бүхэнд мэдээлэл өгч чадахгүй нь” гэв.
Интерполын Монголын товчооны төлөөлөгчөөс тодруулахад ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин ЭЦГ-ын нэг ажилтан “ОХУ-ын Москвагийн прокурор байсан нэгэн хүн манай улсад өнгөрсөн хоёрдугаар сард орж ирчихээд гарсан юм билээ” гэсэн хариулт өгөв.
Өөр нэгэн эх сурвалж түүний эхнэр Елена Паркина, эцэг Владимир Паркин нар Монголд байгаа гэсэн юм. Уг мэдээллийн дагуу “Гранд плаза” төвд очиход худалдагч нар нь “Энд лангуу түрээсэлдэг эрэгтэй, эмэгтэй хоёр орос байдаг. Эмэгтэй нь арай залуухан.
Паркин, Паркина гэдэг тэр хоёр хүн пальто, хүрэм борлуулдаг лангуутай. Тэд Вьетнамын тухай байнга ярьдаг байсан. Магадгүй, тэр хайгаад байгаа Р.Паркин нь Вьетнам улсад байгаа болоод ярьдаг биз” гэлээ. Эрүүгийн хэрэгт холбогдсон ОХУ-ын Москвагийн тойргийн орлогч прокурорын эхнэр, аав хоёр нь Монголд бизнес хийдэг юм байна.
Г.Цолмон