Монголын хөрсөн дорх нөөц баялаг дэлхийн санхүүгийн төвүүдийн анхааралд өртөхтэй зэрэгцэн манай орны эдийн засаг, хууль, нийгмийн бусад салбарынхан ч дэлхийд өрсөлдөх шаардлагатай тулгарах болсон билээ. Олон улсын зүгээс ч Монголыг зөвхөн уул уурхайгаар нь биш, салбар бүрээр нь таньж мэдэхийг чармайж байна. Энэ удаа олон улсын хууль, эрх зүйн салбарынхан Монголын хуулийн фирмүүдийн үйлчилгээний чанарыг судалж, дүн тавьсан байна.
Олон улсын бизнесийн хууль болон хуулийн фирмүүдийн чансааг илэрхийлдэг томоохон хоёр товхимолд Монгол Улсын таван фирм багтсан тухай мэдээллийг гадаадын бизнес, эдийн засгийн сайтууд мэдээлж байна.
Эх сурвалжуудад мэдээлснээр, Их Британийн “Chambers and Partners” байгууллагаас жил бүр эрхлэн гаргадаг “Азийн тэргүүлэх бизнесийн хуульчид-2011” лавлах ном болон АНУ-ын нэр хүндтэй “LexisNexis” байгууллагаас гаргадаг “Олон улсын хуулийн лавлах 2011” товхимолд Монголд хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ явуулдаг “Аnand and Batzaya Advocates”, “GTS Advocates”, “Tsets Law Firm”, “Lynch&Mahoney”, “Lehman, Lee&Xu” гэсэн таван фирм багтжээ.
Эдгээрийн эхний гурвыг монгол хуульчид удирдан ажиллуулдаг юм байна. Тухайлбал, “Ананд ба Батзаяа эдвокатс” фирмийг нэр нөлөө бүхий товхимлууд Монголоос сонгогдсон фирмүүдийн тэргүүнд санал болгожээ.
Б.ЭНХЦЭЦЭГ