Монгол Улсад өнөөдөр эрүү, иргэний 462 хууль үйлчилж байна. Гэхдээ үүнээс хэрэгжиж буй нь хэд вэ гэдэгт тодорхой тоо баримт хэлэх хүн олддоггүй нь огт хэрэгждэггүйтэй нь холбоотой. Хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй хуулийн нэг нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль юм. Энэ хууль таван бүлэг, 23 зүйлтэй.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг гардан хийж буй цагдаагийн ажилтнуудад хэрэгтэй зүйл заалт байх ч хэрэгжихгүй байгааг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс хэлж байна. Энэхүү хуулийн 19 дүгээр зүйлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилтийн 19.1-т Тухайн жилд шүүхийн шийдвэр биелүүлэх, замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчлийг арилгах чиглэлээр улсын орлого болгосон, торгох ял ногдуулж төсөвт тушаасан мөнгөний 40 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулан дараагийн жилийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан байдаг.
Гэтэл хуульд заасан 40 хувийн 10 хүрэхгүйг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж байгаа нь чамлалттай. Замын цагдаагийн газрынхан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн иргэдийг Захиргааны хэргийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу 1000-10.000 төгрөгөөр торгодог.
Өдөрт дунджаар 1000 хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг гэнэ. Нэг хүнийг дунджаар 3000 төгр өгөөр торгоход улсад өдөртөө гурван сая төгрөг орж байна.
Нийгмийн хэв журам зөрчсөн иргэдэд Захиргааны хуулийн долдугаар зүйлийн 4-т заасны дагуу 2500-5000 төгрөгийн торгууль ногдуулдаг. Өдөрт нийслэлд доод тал нь 250-300 иргэн торгуулдаг гээд бодохоор зөвхөн замын цагдаа, хэв журам хамгаалах газрынхан улсад өдөрт хэдэн төгрөг оруулж байгаа нь тодорхой.
Гэтэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулж хэдхэн ухуулах хуудас хэвлүүлэх төдий мөнгө буцаан олгосоор байна. Энэ хуулийн заалт хэзээ бүрэн төгс хэрэгжих юм бол.
Х.Сүрэн