ЭБЭХЯ, МХЕГ-аас Газрын тосны газрын хууль тогтоомж хэрэгжүүлэхтэй холбогдуулан авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг шалгажээ.
Уг шалгалтаар багагүй зөрчил дутагдал илэрснийг МХЕГ-аас сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн зургадугаар зүйлд заасан “Газрын хэвлийд байгаа ордын нөөцийн 20-иос доошгүй хувийг олборлож чадахуйц техник технологи хэрэглэх, Газрын тос боловсруулах үйлдвэр бий болгон хөгжүүлэхийг эрхэмлэх”-тэй холбогдсон заалт нефть олборлож буй Бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгаагүй байжээ.
Мөн Тосон уул-19, Буйр-22 талбайд төлбөр буюу роялтийг хэрхэн авах талаар уг гэрээнд тусгаагүйгээс 1998 оноос хойш туршилтын журмаар олборлосон 5.3 сая баррель газрын тос ямар ч төлбөргүйгээр БНХАУ руу гарчээ. Төлбөрийн хэмжээг хамгийн багадаа таван хувь гэж тооцвол манай улс 268349 баррель газрын тосыг ашиг болгон авах тосон дээрээ нэмж авах байсан аж. Энэ тос нь ойролцоогоор арваад сая доллар болох юм байна.
Уг нь Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдаанаар дээрх талбайд нефть олборлож буй “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен Монгол” компанитай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ хийх талаар арга хэмжээ авч ажиллахыг тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасан боловч одоо болтол нэмэлт өөрчлөлт хийх талаар арга хэмжээ аваагүй гэнэ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд “Гэрээлэгч нь Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах, өөрийн зардлаар сургах, дадлага хийлгэх замаар газрын тосны аж үйлдвэрийн бүх шатны боловсон хүчнийг бэлтгэхийг эрхэмлэх, Монгол Улсын туслан гүйцэтгэгчийн санал болгож буй үнэ, мэргэжлийн чадвар болон чанар нь олон улсын үзүүлэлттэй жишиж болох нөхцөлд юуны өмнө Монголын туслан гүйцэтгэгчийг сонгох үүрэгтэй” гэж заасан боловч үүнийгээ биелүүлэхгүй, монголчуудыг оролцуулахгүй байгаа аж.
Мөн сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцагчидтай байгуулсан гэрээнд газрын тосны салбарын байгууллагад ажиллаагүй тохиолдолд сургалтын зардлыг суралцагчаас буцаан авах заалт ороогүйгээс гадаадад суралцсан 41 хүний 13 нь л энэ салбарт ажиллаж байгаа юм байна. Газрын тосны газрынхан компаниудаас 50-200 доллар сургалтын урамшууллын санд авдаг ч төгсөгч нь ирж ажилладаггүй гэнэ.
Энэ мэт гэрээ зөрчсөн тохиолдол олон байгаа тул шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулах, роялтийн хэмжээг нарийвчлан тусгах, 1998-2010 онд роялтигүйгээр экспортолсон газрын тосны төлбөрийг нөхөн авах асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Г.Цолмон