Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн эмийн сангийн эрхлэгч мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг хууль бусаар олж авч худалдсан хэргээр өнгөрсөн өвлөөс эхлэн УМБГ-т шалгуулж байна.
Тэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх морфин, фенобарбитал, диазепам буюу седуксин, валиум, сибазоны шахмал эмийг хууль бусаар худалдаж байжээ. Эмийн сангуудын эздэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад тэдэнд дээрх эмүүдийг хууль бусаар манай улсын эмийн томоохонд тооцогдох хоёр компани нийлүүлсэн нь тогтоогдсон аж. Тиймээс эмийн сангуудад хууль бусаар тараасан “Монос”, “Эмийн үйлдвэр” компанийн эздэд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан” гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж байгаа юм байна. Дээрх эмийн компаниуд нэг эмийн санд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг 50-100 ширхэгээр нь нийлүүлж, худалдсан гэнэ.
Ийнхүү хууль бусаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис эмийн сангуудад нийлүүлсэн нь манай улсын холбогдох хууль тогтоомж, түүнийг даган гарсан Эрүүл мэндийн үе үеийн сайдуудын хуулиа сайн ойлголгүй гаргасан тушаал, шийдвэрүүд нөлөөлсөн гэх.
Өнөөдөр нийслэлд төрөлт нэмэгдэж, түүний хэрээр төрсөн хүүхэд бүр л тархины даралттай хэмээн эмч нар оношлох болсон. Улмаар хүүхэд бүрт люминал гэдэг эм бичиж, уулгадаг болсныг эцэг, эхчүүд сайн мэднэ. Гэтэл нөгөөх люминал гэх эм маань тайвшруулах үйлчилгээтэй, Монгол Улсад зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад олон улсын фенобарбитал хэмээх нэршлээрээ бүртгэлтэй байх юм. Гэтэл энэ эм нь НҮБын конвенцод мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм гэж бүртгэгджээ.
Тэгэхээр люминал мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмэнд тооцогдох нь. Гэтэл эмийн сангууд люминалыг жоргүйгээр олгодог. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм” гэдэгт донтуулах болон сэтгэцийн хүчтэй нөлөө үзүүлдэг, олон улсын конвенцийн жагсаалтад заасан эмийг хэлнэ” гэж заажээ. Энэ заалтын дагуу дээрх нэр бүхий эмүүд хамрагдаж байна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “Эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг эмчийн тусгай жороор олгоно. Энэ төрлийн эмээр үйлчлэх эрх бүхий эмийн сан сум дүүрэгт нэг байна. Түүний байршлыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага тогтооно” гэжээ. Гэтэл энэ хуулийн заалт амьдралд хэрэгжихгүй, тэр бүр эмчийн жороор олгодоггүй.
Хэн дуртай нь мөнгөө төлөөд авдаг байсан аж. Эмийн сангууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл морфин, седуксин авъя гэсэн хүнд нь жоргүйгээр олгож байснаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үеэс эхлэн хамаагүй худалдахаа зогсоогоод байна.
Энэ хуулийн “Энэ төрлийн эмээр үйлчлэх эрх бүхий эмийн сан сум дүүрэгт нэг байна” гэсэн заалт амьдралд хэр нийцэж буй бол гэдэг нь ч бас эргэлзээтэй. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд ханалт тавих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 2003 оны арванхоёрдугаар 25-нд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж үүндээ “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмээр үйлчлэх зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага нь уг эмүүдийг солилцох, бусад эмийн санд өгөхийг хориглоно” гэж заажээ.
Гэтэл “Монос”, “Эмийн үйлдвэр” компанийнхан энэ заалтыг зөрчин өөрийн нэрийн эмийн сангуудаас гадна нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эм ханган нийлүүлэх бараг бүх байгууллага, эмийн санд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмээ нийлүүлсэн байх юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын албаны хүнээс авсан мэдээллээр өнөөдөр Улаанбаатарт 430 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эдгээрт бүгдэд нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм худалдаж байсныг цагдаагийн хан шалгасны эцэст цэгцэрч буй гэнэ.
Түүнчлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлөөс гаргасан тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох эмийн жагсаалт 2006 онд баталсан байна. Энэ жагсаалтад нөгөөх л мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад багтсан дээрх нэр бүхий эмүүдийг багтаасан байх юм.
Харамсалтай нь энэ бүгдэд хяналт тавьж байх ёстой Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хэмээх байгууллага ажлаа дутуу дулимаг хийдэг, шалгах ёстой зүйлээ шалгадаггүйтэй холбоотойгоор эмийн сангууд хууль бусаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодис худалдаж, эм ханган нийлүүлэх байгууллага нь тэдэнд дур мэдэн эмээ шахсан байна.
Энэ мэт хуулийн цоорхой, ажлын уялдаа холбоогүйгээс дээрх хоёр компанийг эрүүгийн хариуцлага хүлээхэд хүргэжээ. Тиймээс Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагаас Эмийн тухай болон Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй аж.
Г.Равжаа