Автомашины эд анги болон бүхээгт нь байсан эд зүйлийг хулгайлдаг, бусдын юмыг булааж, дээрэмддэг хэсэг залууг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд саатуулан шалгаж байна.
Тус дүүргийн VIII хороонд оршин суух 18-25 настай А, Б, Г, Б нар бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож буй аж. Тэд 12 хэргээ цагдаагийнханд мэдүүлсэн ч зарим хэргийнх нь хохирогч тогтоогдоогүй байгаа гэнэ.
“III, IV хорооллын эцсийн буудал орчимд ил зогсоолд тавьсан машины цонхыг хагалж хөгжим, дүрс бичлэгийн камер хулгайлсан байна.
Мөн "Од" кино театрын ойролцоо явж байсан хүнийг зодож, 1500 евротой түрийвчийг нь дээрэмджээ. Дээрх газруудад юмаа алдсан, дээрэмдүүлсэн хүмүүс Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаарай” гэж тус хэлтсийн олон нийттэй харилцах ахлах байцаагч, ахмад Н.Болортуул ярилаа.