“Баянгол дүүргийн V хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кореана” зочид буудлын захирал нь эмэгтэй ажилтнаа зодлоо” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тус буудлын өрөөний үйлчлэгчээр ажилладаг, 31 настай З-ийг тус буудлын захирал, БНСУ-ын иргэн 55 настай Канг Юүн Шиг гэдэг эр цохиж, хөнгөн гэмтэл учруулсан байна.
Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр солонгос эр “Утасны аппарат авчирч өгсөнгүй” гэж шалтаглан, үйлчлэгч эмэгтэйн нүүрэнд нь цохиж гэмтээснийг тогтоосон гэнэ. БНСУ-ын хөрөнгө оруулалттай зочид буудлын эзэд ажилтнаа төдийгүй буудлаар нь үйлчлүүлсэн иргэдийг зодсон, хууль бус үйлдэл гаргасан хэрэгт шалгуулдаг ч өдий хүртэл нэг нь ч шийдэгдээгүй.
Тухайлбал, тус улсын хөрөнгө оруулалттай “Сүнжин гранд” зочид буудлын эзэд өнгөрсөн наймдугаар сард хоёр монгол залууг зодож гэмтээсэн хэрэг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжсэн ч одоо болтол шийдвэрлээгүй байгаа юм. Мөн өнгөрсөн өвөл Чингэлтэй дүүргийн нутагт байрладаг “Рийчфелд” зочид буудлын солонгосчууд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж эхлээд бас л таг чиг болсон.
Г.ОРЧЛОН