Манай сонин Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “1286 сонсож байна” нэртэй булан ажиллуулж байгаа. Тус газрын 1286 дугаарт ирсэн иргэдийн санал гомдлыг МХЕГ хэрхэн барагдуулсан талаар сонирхуулъя.
-Баянгол дүүргийн IV хороолол Парадоксын хажуу талын “Сарнай” салоны 201 тоотод нэгэн эмнэлэг эмчилгээ үйл чилгээний ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, хугацаа нь дууссан эм зарж байна. Шалгаж өгнө үү.
(Иргэн Даваатогтох)
-Гомдлын дагуу “Сарнай” төвийн 201 тоотод “Diabetes clinic” эмнэлэгт шалгалт хийхэд хугацаа нь дууссан эм байгаагүй. Харин хүчинтэй хугацаа нь дууссан лицензтэй их эмч И.Энхсайхан тусгай зөвшөөрөлгүй үзлэг оношлогоо хийж байсан тул гуравдугаар сарын 30-ны 11-13\115-32 тоот улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр зогсоох арга хэмжээ авав.
-Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо XV хороолол 30 дугаар байрны наймдугаар орцны хонгилд гутлын үйлдвэр ажиллуулж байна. Янз бүрийн хаймар, цавуу үнэртээд байна. Үүнийг шалгаж өгнө үү.
( Иргэн Насанбат)
-Гуравдугаар сарын 29-ний өдөр иргэний ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийж, иргэн Эрхэмбаярын гутлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.
-Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын 9 дүгээр байрны 162 тоотын бүх өрөөний хана нь дотроосоо мөөгөнцөртсөн, маш хүйтэн, чийгтэй, байрны ордер нь гараагүй байгаа энэ байрыг яаралтай шалгаж өгнө үү.
(Иргэн Болормаа)
-Улсын комисс ажиллаад үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт нь дуусаагүй, акт нь зурагдаагүй байгаа юм байна. Ханын чигжээс муу байсныг засуулж “Зарубежстрой” компанид засвар үйлчилгээг бүрэн хийж дуусгах үүрэг өгсөн.