Хан-Уул дүүргийн XV хороо, “Оранж таун” хотхонд оршин суудаг иргэн Б-гийн гэрээс энэ сарын 6-нд их хэмжээний алт, үнэт эдлэл хулгайд алдагдсан юм. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалжийн мэдээлснээр хохирогчийнхоос 70 гаруй нэр төрлийн, ойролцоогоор 65 сая гаруй төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйл, тухайлбал, алмаазан шигтгээтэй алтан гинж, алтан ээмэг бөгжний хослол зэрэг амархан борлогдох, өндөр үнэ хүрэх эдлэл алдагдсан аж.
Уг хэргийг Б гэгч эмэгтэй үйлдсэнийг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Тэр эмэгтэй 25 настай, таван удаа хорих ял шийтгүүлсэн ч насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн тэнсэн харгалзах, Өршөөлийн хууль зэрэгт хамрагдан суллагдсан юм байна. Түүнийг овог нэрээ үе үе сольж байсныг цагдаагийнхан тогтоов. Тэрбээр хохирогчийнд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа эд зүйлийг нь хулгайлжээ.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлт сийн ахлах байцаагч, ахмад Н.Болортуул “Гэрийн үйлчлэгчээр хэн нэгнийг ажиллуулах гэж байгаа бол тухайн хүнээ сайтар судал. Мөн үнэт эдлэл худалдаж авч байгаа иргэн, ченжүүд хулгайн эд зүйл худалдаж авбал хохирч үлдэнэ” гэж анхаарууллаа. Учир нь сэжигтэн Б-гийн хулгайлсан 65 сая гаруй төгрөгийн үнэтэй эдлэлийг ченжүүд худалдан авсан байсныг цагдаагийнхан илрүүлж саатуулан шалгаж байгаа гэнэ. Тэднээс эд мөрийн баримт болгож үнэт эдлэлийг нь хурааж авсан бөгөөд зарим нь алт, мөнгөн эдлэлийг нь эвдэж хайлуулсан байжээ.
Г.РАВЖАА