Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, “Урьхан” зоогийн газрын орчимд энэ сарын 8-ны үдэш явган зорчигчийг дайраад зугтсан хэрэг гарсан юм. Зарим хэвлэлд уг хэргийн хохирогч нь албан үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаагийн ажилтан байсан хэмээн мэдээлсэн байна.
Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ мэдээг няцаалаа. Тэдний тайлбарлаж буйгаар Төв аймгийн Жаргалант сумын иргэн Н зам хөндлөн гарч явахад нь хурдтай явж байсан автомашины жолооч дайрч хэргийн газраас зугтсан аж.
Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр эсрэг урсгалаар ирж явсан автомашины гэрлийн гялбаанд цохиулснаас зам хөндлөн гарч явсан зорчигчийг харж чадалгүй дайрсан бололтой.
Уг хэргийг 93-99 ТӨА дугаартай автомашины жолооч үйлдээд хэргийн газраас зугтсан бөгөөд улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашинаа засуулахаар чирч явахад нь баривчилжээ.