БНСУ-ын Сөүл хотын Түндэмүн дүүргийн Чагандун хороололд бусдын гарт амь насаа алдсан нэг хүнийг өнгөрсөн сарын сүүлчээр тус улсын цагдаагийнхан олж, хэн болохыг тогтоожээ. Талийгаач 28 настай, Монгол Улсын иргэн М болохыг Сөүлд суугаа манай улсын ЭСЯ-нд мэдэгдсэн байна.
Хэргийн газрын үзлэг хийсэн Сөүлийн цагдаагийнхан Монгол Улсын иргэн 40 настай О-г сэжигтнээр татаж, саатуулсан тухай ГХЯ-наас мэдэгдлээ. Мөрдөн байцаах явцад сэжигтэн О нь энэ хэргээс гадна 25-28 насны О гэдэг хүнийг зодон танхайрч, хүнд гэмтээсэн болохыг тогтоожээ.
Хохирогч О Сөүлийн Сонгпаурү эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж. ГХЯ-ны Консулын газрынхан талийгаач М, гэмтсэн О-ын ар гэрийнхэнд мэдэгдэж, бичиг баримтыг нь яаралтай бүрдүүлж, Солонгос явахад нь тусалжээ.
Х.СҮрэн