Манай иргэд Арабын орнууд, тэр дундаа Арабын нэгдсэн Эмират улсад өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу очоод ажилд орж чадалгүй гэмт хэрэгт холбогдох явдал сүүлийн үед цөөнгүй гарах болжээ. Тухайлбал, манай иргэн Э энэ оны гурав дугаар сарын 17-нд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод очжээ.
Хийх ажилгүй, мөнгөгүй болсон тэрбээр “Emirates mall” дэлгүүрээс 2500 эмират дирхамын үнэтэй IPAD хулгайлан зугтаж яваад машинд мөргүүлэн “Рашид” эмнэлэг дэх түр саатуулах байранд хоригдон шалгуулж байна. Э нь тэнд байх хугацаандаа бусдад зодуулж, араб хэл мэдэхгүйн улмаас эрхээ хамгаалж чадахгүй байгаа талаараа манай улсаас Кувейт улсад суугаа ЭСЯ-нд бусдаар дамжуулан мэдэгдсэн байна.
Иргэн Э нь 28 настай, Улаанбаатар хотын харьяат нэгэн аж. Өдгөө Дубайд Э-тэй хамт өөр нэгэн залуу хулгайн хэргээр тус улсын хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа юм байна. Тиймээс Арабын орнууд руу зорьж байгаа манай иргэд хөдөлмөрийн мөлжлөг, залилан болон бусад гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж тухайн бүс нутгийн улс оронд зорчихдоо болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлж байна.
Г.РАВЖАА