Авлигатай тэмцэх газрын гадаад дотоод харилцааг төлөөлж, гүйцэтгэх болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцаж хяналт тавих, Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу нууц арга хэрэгсэл ашиглах зөвшөөрөл олгох, түүнд ашиглах техник хэрэгсэл олж авах, эзэмших, захиран зарцуулах шийдвэр гаргах эрх бүхий дарга нар нь Ганцхудагт саатуулагдаад 20 гаруй хонож байна.
Дарга нар нь шүүхээр шийтгүүлэн, хоригдож буй АТГ-ын ажил ямар байгааг бид тодруулсан юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөрсөн сарын 23-нд АТГ-ын хэлтсийн дарга нартай уулзаж, ажлаа хэвийн явуулах үүрэг өгснөөс хойш Ч.Сан гарагчаа, Д.Сундуйсүрэн нарын шийдвэр гаргах шаардлагатай асуудал одоогоор үүсээгүй бололтой.
Одоогоор тус газрыг төлөөлөх эрх мэдэлтэй хүн нь Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч. Хүндрэлтэй ямар асуудал гарч байгааг түүнээс тодруулахад “Манай газар Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, Мөрдөн шалгах, Хяналт шалгалт дүн шинжилгээ, Тамгын хэлтсээс гадна Олон нийтийн зөвлөл гэсэн бүтэцтэй.
Бид жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргадаг. Тиймээс төлөвл ө гөөний дагуу хариуцсан ажлаа хуулийн дагуу хийж байгаа учир ямар нэгэн асуудал үүсээгүй. Ажил хэвийн байгаа” гэв.
Дарга нар нь эзгүй байх үед олон ноцтой гэмт хэрэг хэрэгсэхгүй болох вий гэсэн болгоомжлол олны дунд байна. Гэхдээ эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг дан ганц мөрдөн байцаагч, тасаг, хэлтсийн дарга шийдэх боломжгүйг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд тодорхой заасан болохоор энэ асуудалд санаа зовох зүйлгүй бололтой. Тус газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Эрдэнэцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Танай байгууллага цалингаа тавих боломжгүй болсон гэсэн мэдээлэл ирсэн юм. Дарга нар чинь саатуулагдаад 20 хонож байна. Энэ хугацаанд ийм асуудал үүссэн юм уу?
- Төсвийн ерөнхий менежер нь Г.Бадарч дарга. Захиран зарцуулах эрх энэ хүнд байдаг учир цалин мөнгөний асуудал үүсээгүй. Мөн хөдөө орон нутагт ажиллах томилолт, ээлжийн амралт гэх мэт ажилд ямар нэгэн асуудал гараагүй.
-УИХ-ын дарга ажлаа хэвийн явуулахыг үүрэг болгосон. Танай байгууллагын ажил ямар байгаа, хүндрэл гарч байгаа эсэхээ УИХ-д мэдээлж байгаа юу. Ямар нэг чиг үүрэг өгсөн үү?
-УИХ жилдээ нэг удаа Монгол Улсын авлигын нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлдэг. Бид тэрхүү шаардлагатай мэдээлэлээ УИХ-д өгдөг. Өнгөрсөн оны авлигын тухай мэдээгээ гаргаж өгсөн. Тэрнээс өөр тутмын ажлаа байнга мэдээлж, заавар зөвлөгөө авах ёсгүй. Авлигын эсрэг хуульд манай байгууллагыг бие даасан, хараат бус ажиллах талаар тодорхой заасан байдаг.
-Танайхан дарга нарыгаа эргэж очсон уу. Биеийн байдал нь ямар байгаа бол?
-Ганц худаг дахь түр саатуулах 461 дүгээр ангийн дотоод журмын дагуу эргэлтийн өдөр нь манайхан очиж уулзсан гэв. Тус газрын дарга нараас гадна АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийг ахалж байсан Э.Амарбат олны анхаарал татсан хэвээр байгаа.
Мөрдөн байцаагч Э.Амарбат сүүлийн гурван сар ажилдаа ирээгүй гэнэ. Хэн нэгэнтэй уулзахыг эс хүссэн тэрбээр утсаа салгажээ. Сар шинийн өмнөхөн амралтаа авч, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлсэн аж. Амралтын хугацаа нь дууссан ч эмчийн чөлөөтэй гэсээр гурван сарын нүүр үзэх гэж байна. Хөдөлмөрийн хуульд тасралтгүй 90 хоног өвдсөн бол хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэн групп тогтоох учиртай.
Зарим эх сурвалж “Нэг их өвдсөн зүйл байхгүй. Харин сэтгэл санааны гүн хямралд орсон байна лээ” гэв. Юутай ч Э.Амарбатын эрүүл мэнд групп тогтоох хэмжээнд хүрээгүй гэдгийг хамт ажилладаг хүмүүс нь хэлж байна. Тэрбээр групп тогтоолгохгүйн тулд удахгүй ажилдаа орох бололтой.
Х.Сүрэн