Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “East” төвийн барилга шатсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус төвийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа эсэх болон мөрдөн шалгах ажил ямар шатанд байгааг эргэн сурвалжиллаа. Тус төвд найман аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас гадна лангуу түрээслэгчид цөөнгүй байж. Харин одоо тус төв үүдээ барьжээ.
Барилгын гурван давхрын дээврийн хэсэг шатсан учир иргэд нурах магадлалтай хэмээн ажлаа зогсоогоод байгаа аж. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн дээрх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус хэлтсийн Мөрдөн шалгах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ж.Ганболдоос хэргийн талаар тодрууллаа.
-“East” төвийн хэргийн мөрдөн шалгах ажил ямар шатанд байгаа вэ?
- Тус төвд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд гал гарлаа гэсэн дуудлагаар Аврах гал унтраах дөрвөн ангийн бүрэлдэхүүн ажиллаж унтраасан. Үүс сэн нөхцөл байдлыг далимдуулан гэмт хэрэг үйл дэх эрсдлээс сэрэмжилж цагдаагийнхан тө- вийг хамгаалалтад авсан. Тус төв “Исткестль” компанийн өмч юм билээ. Гурван давхарт нь “Сэл үүрчин” компанийн “Месса” бааранд гал гарсан ч доод давхарт оруулалгүй унтрааж чадсан. Хэргийн газраас шаардлагатай эд мөрийн баримт цуглуулж шинжилгээнд өгсөн. Дүгнэлт гарсны дараа гал гарсан шалтгаан тодорхой болох байх.
-Хохирлын хэмжээ нь тогтоогдсон уу?
-Тус төвд үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгж, оёдлын цех, баар, ресторан, хүнс, барааны дэлгүүрийн эздэд эд зүйлийг нь хүлээлгэн өгч, бүрэн бүтэн байгааг тухайн үед шалгуулж гарын үсэг зуруулсан. Тиймээс одоогоор гомдол гаргасан хүн алга. “Месса” баарны эд зүйл бүрэн шатсан. Тус компанийнхан шатсан зүйлийнхээ жагсаалтыг өгөөгүй байна гэв. Нийслэлийн онцгой байдлын газрынхан “Тус төвийн зөвхөн дээврийн модон хэсэг шатсан. Карказанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байх.
Гал сөнөөгчид дээш гарахад хүндрэлтэй, хальтирч уначих гээд байсан учир гал унтраах ажиллагаа удааширсан тал бий. Цаашид үйл ажиллагаа явуулж болох эсэхийг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоох байх гэв. Биднийг тус төвд очиход нэг ч хүн байсангүй.
“Гал гарсан өдрөөс хойш хүн ирж харагдаагүй. Харуул хамгаалалт, манаач ч байдаггүй юм” гэж хажуу талын байрных нь оршин суугч хэллээ. Тус төвийн гаднах талбайг машин худалдах түр зогсоол болгосон харагдав.
Х.Сүрэн