Манай улсад аялахаар ирсэн БНСУ-ын 14 иргэн 15 кг алт авч гарах гэж байхад нь тагнуулынхан “Чингис хаан” нисэх онгоцны буудалд саатуулсан билээ. ТЕГ-ынхан тэдэнд Эрүүгийн хуулийн 175.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Нийслэлийн прокурорт шилжүүлсэн.
Солонгосчуудыг батлан даалтад гаргаад зогсохгүй эх оронд нь буцаах болсон гэсэн мэдээлэл бидэнд ирэв. Энэ тухай Нийслэлийн прокурорын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Т.Жадамбаагаас тодрууллаа.
-Их хэмжээний алтыг улсын хилээр нууцаар гаргах гэж байсан солонгосчуудыг батлан даалтад гаргасан. Удахгүй эх оронд нь буцаана гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-БНСУ-ын 14 иргэнийг Ганцхудагт саатуулан шалгаж байгаад өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Ялтан солилцох гэрээ, бусад хэлцэл байдаг. Тэр гэрээний дагуу асуудлыг шийдэх тухай ярьж байгаа. Гэхдээ яг эцэслэн шийдээгүй. Энэ долоо хоногт багтаан шийдэх байх.
-Манай улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийг яллах дүгнэлт үйлдэхгүйгээр шийдэж болдог юм уу?
-Бид яллах дүгнэлтээ үйлдээд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон. Улс хоорондын асуудал учир байгуулсан гэрээ, дүрмээ баримтлах учиртай.
-Бүгд батлан даалтад гарсан уу. Батлан даалтад гаргахдаа барьцаа хөрөнгө авсан уу?
-Бүгдээрээ батлан даалтад гарсан. Заримаас нь барьцаа хөрөнгө авсан. Батлан даагч нар нь солонгос хүмүүс байгаа гэв. Эрүүгийн хуулийн 175.3-т зааснаар хэргийг шийдвэл тэд 5-8 жилийн хорих ял эдлэх юм.
Х.СҮРЭН