Улаанбаатар хотод малын эм бэлдмэл худалдаалж буй эмийн сан, бөөний төвүүдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгажээ. “Гамавит” эм бэлдмэлийг ганзагын наймаачид малын эмийн сангуудаар нийлүүлж байгаатай холбогдуулан өнгөрсөн сарын 21-25-ны хооронд хяналт шалгалт хийсэн байна.
МЭХ, “Талын хулс”, “Сорлог сүрэг” ХХК- 1, “Ноён дархи”, “Цагаан залаа Агвет” ХХК- 1 эмийн сангууд хувь хүнээс баталгаагүй “Гамавит” тарилгын уусмал худалдан аваад малчдад борлуулж буйг уг шалгалтаар илрүүлжээ. Иргэн Д.Болдхүү, С.Нямсүрэн нар малын эм импортлох эрхгүй хэрнээ гадаадаас хууль бусаар малын “Гамавит” тарилгын уусмал оруулж ирж, зориулалтын бус газар хадгалан худалдаалж байсан аж.
Малын эмийн улсын бүртгэлд “Гамавит” тарилгын уусмалыг үйлдвэрлэснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй гэж бүртгүүлсэн байдаг атал хуурамч “Гамавит”-ынх хоёр жил байгаа аж. Үүнээс гадна “Тахилт номгон”, “Ноён дархи” компанийн эмийн санд зарж байсан “Фармазин-50” бэлдмэлийн хугацаа дууссан байжээ.