Үндэсний их баяр наадмын үеэр улс даяар ес хоног амрах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ хугацаанд аялж зугаалах иргэд болзошгүй эрсдэл, ялангуяа усанд осолдохоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр анхаарууллаа. Он гарснаас хойш долоон аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт 37 иргэн усанд осолдож, амиа алдсаны найм нь хүүхэд байжээ. Тиймээс орон нутагт аялж зугаалах иргэд хүүхдүүдээ гол, нуурын ойролцоо тоглуулахгүй байж, анхаарал болгоомжоо сайжруулахыг зөвлөв. Тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ “Сүүлийн 10 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 2091 хүн амиа алдсан. Үүний талаас илүү буюу 53.7 хувийг усанд живсэн осол эзэлсэн байна. Тухайлбал, үерийн улмаас 52, усны ослоор 1070 хүн эндсэн. Усны осолд өртөж амиа алдсан хүмүүсийн 77 хувь нь аялал зугаалгаар явж байжээ. Өнгөрсөн оны наадмын өдрүүдэд гарсан аюулт үзэгдэл, ослын 34 хувь нь үер, устай холбоотой байсан. Тухайн үед усны ослын улмаас 17 хүн амиа алдсан” хэмээлээ.
Наадмын амралтын өдрүүдийн цаг агаарын төлөвийн талаар Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын ус судлалын хэлтсийн инженер С.Саранцацралт “7-8 дугаар сард баруун болон төвийн аймгууд, ялангуяа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг буюу иргэд амарч зугаалдаг газруудад олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Зарим газарт дуу цахилгаантай, ус ихтэй, аадар бороо орох төлөв гарсан. Өнгөрсөн тавдугаар сарын дундаас эхлэн манай орны нийт нутгаар бороо хур элбэг орсон учраас ихэнх гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байна. Тухайлбал, Ерөө, Онон, Орхон, Онги голын ус үерийн аюултай түвшнээс 5-15 см-ээр давсан. Мөн Тамир, Шаргалжуут, Хүдэр, Таац, Хараа, Туул, Хэрлэн зэрэг гол үерийн түвшнээс 10-80 см-ээр нэмэгдлээ. Цаашид ихэнх нутгаар бороо орох төлөвтэй тул гол, мөрний ус үерийн аюултай түвшнийг давахаар байна. Тиймээс иргэд амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, баталгаатай гүүр, гарцаар зорчих шаардлагатай. Хэнэггүй байдлаасаа болж өөрийгөө болон гэр бүлийнхнээ эрсдэлд бүү оруулаарай” гэв.