Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейд энэ сарын 13-14-нд шилжих шөнө дээрэмчид халдаж, хоёр метр орчим өндөр, 200 кг жинтэй бурхныг дээрэмдэн зугтсан хэрэг гарсан. Гэвч ийм том хэмжээтэй, хүнд бурхныг авч зугтсан гурав, дөрвөн залууг болон авч явсан бурхныг цагдаагийнхан өдий болтол олж чадаагүй байна. Гэмт этгээдүүд дээрэм хийхдээ музейн цахилгааны кабель утсыг сүхээр цавчиж тасалсан аж.
Тухайн үед музейг сахиж хоносон манаачийн хүүг хүлчихээд нэг нь түүнийг “Хороочих уу” хэмээн ярьж байжээ. Харин бусад нь хориглосноор манаачийн хүү амьд үлдсэн гэнэ. Цагдаагийнхан гэмт этгээдийн хулгайлсан бурхныг улс орон даяар эрэн сурвалжилж, хилийн боомтуудад зургийг нь хүргүүлэн, гаргаж болохгүй талаар мэдээлэл өгчээ.
Хэрэв гэмт этгээдүүд үзмэрийг хилээр гаргах болбол нүүрс, малын гаралтай түүхий эд, ноолуур дор нууж болзошгүй гэж үзэж буй юм. Гэхдээ орон нутгийн цагдаагийнхан “Ямартай ч одоохондоо хилээр гаргаж чадаагүй. Говь-Алтай аймаг дахь хилийн боомтууд хаалттай байгаа” хэмээн тайлбарлаж байна.