Монголын гол нууруудын холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй дөрвөн хүнийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өчигдөр 09.00 цагт болохоор зарласан байв. Шүүх хурал товлосон цагаасаа 30 минутаар хоцорч эхэлсэн бөгөөд энэ үед тус шүүхийн гадаа “Гал үндэстэн” холбоо, “Онги гол”, “Хүдэр гол” хөдөлгөөнийхөн, “Хөх Монгол” бүлгэмийн залуус “Газар ус, байгалаа хамгаалах нь гэмт хэрэг биш”, “Эх орончдыг биш, эрх баригчдыг шүүе” гэх зэрэг уриатай лоозон барин цугласан байлаа.
09.30 цагийн үед шүүх хурал эхлэхэд танхимд “Онги гол”-ын Ц.Мөнхбаяр, “Хүдэр гол”-ын Г.Баяраа, Өвөрхангай аймгийн Тарагт сумын багийн Засаг дарга О.Самбуу-Ёндон, Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Төмөрбаатар нар шүүгдэгчийн сандалд суусан байв. Мөн өнгөрсөн есдүгээр сард “Сентерра гоулд”, “Пураам” компани руу буудсан дөрвөн бууг нь эд мөрийн баримт болгож шүүх танхимд оруулсан байлаа. Энэ үеэр гаднаас хөдөлгөөний гишүүд орж ирж сууцгаав. Шүүх бүрэлдэхүүн орж ирж, шүүгдэгч нарыг босох, малгайгаа авахыг сануулахад Ц.Мөнхбаяраас бусад нь төрөө хүндэтгэж, малгайгаа авлаа. Харин Ц.Мөнхбаяр шаардуулан байж боссон ч малгайгаа авахыг хүссэнгүй.
Шүүх хурал эхэлж, ирцтэй танилцахад улсын яллагчийн хуралд оролцуулахыг хүссэн гурван гэрчийн хоёр нь ирсэн байв. Гэвч тэд ямар ч бичиг баримт, иргэний үнэмлэхгүй байлаа. Хуралд хавтаст хэрэгт хохирогч гэж тооцогдсон “Сентерра гоулд” компанийн хуулийн зөвлөх Д.Инжинаш, “Пураам”-ын уурхайн дарга С.Сутбилэг нар иржээ. Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Чагдар хяналт тавьж, шүүхэд дээрх дөрвөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар, нийтэд аюултай аргаар буюу галт зэвсэг хэрэглэж устгасан” гэсэн зүйл ангиар ял төлөвлөсөн. Гэвч прокурор Г.Чагдар шүүх хуралд ирсэнгүй.
НПГ-аас тус дүүргийн шүүхэд “Г.Чагдар нь орон нутагт томилогдсон тул түүний оронд прокурор С.Энхбатыг оруулж байна” гэсэн албан бичиг хүргүүлсэн байна. Хурлыг тус дүүргийн шүүхийн шүүгч Ү.Түмэндэмбэрэл даргалж, шүүгч Д.Лувсандорж, Д.Ганзориг нарын бүрэл дэхүүнтэй хэлэлцэх хурал эхлэхэд хохирогч дын өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл “Би албан ажлаар Японд явж байгаад энэ сарын 29- нд ирсэн. Хэрэг шүүхэд шилжих үед энэ дөрвөн хүн өмгөөлөгчөөрөө ажиллаж байсан Ц.Монголоос татгалзаж, надаар өмгөөлүүлэх хүсэлт тавьсан.
Хэрэг шүүхэд шилжээд би хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй тул танилцах боломжоор хангаж, шүүх хурлыг хойшлуулж өгөөч” гэсэн хүсэлт тавив. Шүүх бүрэлдэхүүн зөвлөл дөөд өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлийн хүсэл тийг хүлээн авч дөрөвдүгээр сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Оролцогчид танхимаас гарахад “Сентерра гоулд”-ын хуулийн зөвлөх Д.Инжинашийг хөдөлгөөнийхөн “Чи ямар ичдэггүй амьтан бэ, чи монгол хүн үү, хужаагийн хувхай боол. Та нарын хугацаа удахгүй дуусна аа. Эд нар зайлах хэрэгтэй” хэмээн барьж авч, хувцас хунараас нь зулгааж харагдав.
Хурал тарсны дараа Ц.Мөнхбаяр “Мөрдөн байцаагч, прокурорын шатанд улс төрийн захиалгаар энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Усгүй болж хохироход хүрээд байгаа орон нутгийн иргэдээс гэрчийн мэдүүлэг аваагүй, хохирлын үнэлгээ гаргах ажлыг хийгээгүй. Бид эх орныхоо газар шороог хамгаалсан. Энэ хоёр компани экологид 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол учруулчихаад байгаа. Бид нийтэд аюултай байдлыг л таслан зогсоосон” хэмээн ярьж байв.
Г.ЦОЛМОН