Дорнод аймгийн Хэрлэн сумын VI багийн нутагт байрлах “Эртний эдлэл” дэлгүүрт Халх голын дайны үед хэрэглэж байсан буу, сум худалдаж байгаа тухай мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн соёлын хяналтын улсын байцаагч нар тус дэлгүүрийг энэ сарын 23-нд шалгажээ. Энэ талаар тус аймгийн соёлын хяналтын улсын байцаагч Б.Манлайжаваас тодруулахад
-Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу шалгахад тус дэлгүүрт том бууны сум нэг, пулёмётны сум 12, жижиг гар буу нэг, зэвэрсэн винтов буу гурав, сэлэм дөрөв байсныг хураан авч, аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасагт шалгуулахаар шилжүүлээд байна.
-Халх голын дайны үед хэрэглэж байсан зэвсэг мөн байсан уу. Харахад ямар хэв загвартай буу, сэлэм байсан бэ?
-Багагүй зэвэрсэн, нэлээд дээр үеийн бололтой харагдаж байсан. Гэхдээ эртнийх мөн эсэхийг шинжээчид тодорхойлно.
Б.МАРТ