Байгалийн түүхийн музейн барилгын суурин дээр "Чингис хаан" хаад, язгууртны музейг барьж буй. Харин нураасан Байгалийн түүхийн музейг Хан-Уул дүүргийн нутагт орших Их тэнгэрийн аманд барихаар төлөвлөсөн. Өнгөрсөн онд тус газарт барих Байгалийн түүхийн музейн цогцолборын тендерийг буцааснаас үүдэн бүтээн байгуулалтын ажил гацаад байсан юм. Уг цогцолборын төсөвт өртгийг анх 120 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн ч 94.4 болгож баталсан удаатай. Зураг төслийг нь өнгөрсөн оны гуравдугаар сард “Хатанбаатар” компанийнхан гүйцэтгэж, хуучнаар БСШУЯ-д хүлээлгэн өгсөн юм. Нэгэнт зураг төсөл нь бэлэн болсон учир энэ сарын 2-нд тус музейн барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийг зарлажээ. Тодруулбал, нийт 94.460.100.000 төгрөгийн санхүүжилттэй тендерийг зарласан бөгөөд энэ онд олгох эхний ээлжийн хөрөнгө нь 18 тэрбум байх гэнэ.
Холбогдох албаныхан тус бүтээн байгуулалтыг Монголын түүхэнд байгаагүй хамгийн том музейн цогцолбор болно хэмээн үзээд буй. Эл музейн барилга гурван хэсэгтэй бөгөөд 12 төрлийн танхим, 540 автомашины зогсоолтой, найман эх үүсвэрээс орлого олох боломжтой аж. Мөн 13 мянга орчим үзмэртэй байх бөгөөд хуучин Байгалийн түүхийн музейн 0.5 га газраас 6.6 га буюу 20 дахин том талбайтай гэнэ.