Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтийн замд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний 06.00 цагийн үед зам тээврийн осол гарч, хүний амь нас хохирсон юм. Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн ажилтнууд хохирогч нь 38 настай, О гэдэг хүн болохыг тогтоосон.
Гэвч өнөөг хүртэл талийгаачийг дайрсан автомашины марк, дугаар, жолооч мэдэгдэхгүй байгаа. Тиймээс энэ хэргийг харсан хүн ЗЦГ-ын 124, 93021040, 93021041 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөхийг хүсэв.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар мэдээллийг төлбөртэйгөөр авах бөгөөд нууцыг чандлан хадгалахаа ЗЦГ-ынхан мэдэгдлээ. Зам тээврийн осол, хэрэг санамсар болгоомжгүйгээс үйлдэгддэг учраас хуулиар хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлж авч үздэг.
Зарим үед жолоочийн гэм буруу тогтоогдохгүй бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх тохиолдол ч бий.
Гэвч жолооч нар хэргийн газраас зугатсанаар санаатай үйлдэлд тооцогдож, хүлээлгэх хариуцлага нь хүндэрдэг юм байна.