Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн нэр хүндийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн доромжилсон хэмээн нийтлэлч А.Баатархуягийг буруутган Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хурал өчигдөр хаалттай боллоо. Шүүх хурлыг өнгөрсөн даваа гаригт хэлэлцэхээр товлосон байжээ. Гэвч өмгөөлөгчдөөс болж хойшилсон аж.
“А.Баатархуяг 2010 оны гуравдугаар сарын 1-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” гэсэн нийтлэлдээ БОАЖ-ын сайд намайг сая долларын байшинд амьдардаг гэж гүтгэлээ. Тиймээс түүнд хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүсэж байна” хэмээн БОАЖ-ын сайд өргөдөл гаргасан аж.
Цагдаагийн байгууллагаас өргөдлийн дагуу шалгаж, прокурорын байгууллагад хэргийг шилжүүлэхэд хоёр ч удаа эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, асуудлыг иргэний журмаар шийдүүлэхээр буцааж байсан аж. А.Баатархуягийн дээрх нийтлэлийн “Олонх нь сүйрлээ мэдрээд амжиж хахаж үхтэлээ “цуслаж” байна.
АН-ын Л.Гансүх, МАХН-ын Ё.Отгонбаяр нар сая долларын үнэтэй байрандаа айлсаад л…” гэсэн хоёр өгүүлбэр өөрийг нь гутаан доромжилсон гэж Л.Гансүх өргөдөлдөө дурджээ. Шүүх өчигдөр сэтгүүлчид бүү хэл, ар гэрийнхнийг нь ч хурлын танхимд оруулсангүй.
Шүүгдэгч А.Баатархуяг шүүх хурлыг нээлттэй ил тод хийлгэх хүсэлт тавьсан боловч хохирогч Л.Гансүх сайдын өмгөөл өгч болон улсын яллагч Д.Үүлэн нар түүний хүсэлтийг хүлээж авахыг хүсээгүй.
Ингээд хаалттай хэлэлцсэн шүүх хурлаас хэргийн мөрдөн байцаалт дутуу гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж, нууцтай холбоотой асуудал болохоор яг ямар үндэслэлээр буцааж буйгаа хэлсэнгүй.