Улсын Дээд шүүхийн шүүгч С.Нямжав, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын шүүхийн захиргааны холбооноос Индонезийн Богор хотноо зохион байгуулсан “Бүх нийтэд шүүхийн үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй болгох нь” сэдэвт Ази, Номхон далайн орнуудын бага хуралд оролцоод иржээ. Энэ хуралд 21 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Дээрх хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд болон эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо шударга, бие даасан шүүхээр хамгаалуулах боломж нь хязгаарлагдсан иргэдэд шүүхийг хэрхэн нээлттэй байлгах талаар ярилцжээ.
Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст эрх зүйн туслалцаа хэрхэн үзүүлэх, алслагдмал нутаг дэвсгэрт нүүдлийн шүүх ажиллуулах, шүүхээр насанд хүрээгүй иргэдийн хэргийг хянан шийдвэрлэх явцад сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч нарыг оролцуулах, насанд хүрээгүйчүүдийн бие даасан шүүх байгуулах зэрэг олон асуудал энэ үеэр хөндсөн байна.
Г.ЦОЛМОН