Ардчиллын анхдагчдын нэг, Д.Баасан лам энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр гэнэт хорвоогоос хальсан. Түүний 49 хоног саяхан өнгөрч, эхнэр Д.Алтанцэцэг нь уржигдар хэвлэлийнхэнд хандаж нөхрийгөө хорлогдсоныг нотлох хангалттай баримт байгаа хэмээн мэдэгдэв. Тэрбээр сонины сурвалжлагчтай ярилцахдаа “Талийгаач суугаагаараа нас барсан. Задлан шинжилгээ хийсэн эмч ламыг таниагүй. Тийм болохоор шинжилгээний хариуг үнэнээр нь хэлсэн. Талийгаачийг хүчтэй хордолт, нойр булчирхайны цус харвалтаас болж нас барсан гэж дүгнэсэн. Бусад эрхтэнд ямар ч өөрчлөлт байгаагүй. Гэтэл эсийн шинжилгээгээр зүрх нь зогссон юм шиг хариу гаргасан. Өмнөх шинжилгээний хариуг устгачихсан байсан.
Хорын шинж тэмдэг нойр булчирхайгаар илэрсэн. Талийгаачийн цогцос хөрч эхлэх үеэс хумс нь харласан. Мөн бие дээр нь хуруун чинээ толбонууд үүссэн нь хордсонтой холбоотой. Хор мэддэг хүмүүс амт үнэргүй, ургамлын гаралтай хор юм шиг байна гэсэн” хэмээн ярьжээ. Түүнийг хордуулсан байж болох хүмүүс болон шинээр байгуулагдсан МАХН-ын гишүүдийг хардаж байгаагаа хэвлэлээр хэлж байсан. Хүнийг хордуулсан бол ямар шинж тэмдэг илрэх вэ, талийгаачийн үхлийн шалтгаан юу байв гэдэг талаар Хордлогын төв болон Шүүхийн шинжилгээний үндэсний төв, мөн хүн амины хэргийн чиглэлээр ажилладаг мөрдөн байцаагч нараас тодрууллаа. Шүүхийн шинжилгээний үндэсний төвд очиход Шүүх эмнэлгийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан “Тухайн өдөр задлан шинжилгээнд орсон эмч нар нь одоогоор эзгүй, Налайх дүүрэгт дуудлагаар явсан. Талийгаач Д.Баасан зүрхний шигдээс өвчнөөр нас барсан.
Химийн шинжилгээгээр хорын төрлийн болон согтууруулах ундаа илрээгүй. Тэр үед эхнэр нь өөрөө гарын үсэг зурж шинжилгээний дүнэлтийг хүлээн зөвшөөрөөд явсан шүү дээ. Яагаад хэзээ хойно ийм зүйл яриад байгаа юм бол” гэлээ. Хордлогын төвийн нэгэн эмч “Яг нарийн үзээгүй болохоор хордсон эсэх талаар хэлж мэдэхгүй. Хордсон бол хэлний угийг нь үзэх гээд олон шалгах арга байдаг л даа. Талийгаачийн эхнэрийн ярьсанчлан хумсны толио нь харлах зэрэг үзэгдэл байдаг. Гэхдээ хүчтэй үйлчлэх хорын нөлөөгөөр захын мэдрэлийн судлууд болон судаснууд гэмтвэл цус алдаж харладаг. Энэ мэт шинж тэмдэгийг нарийн үзэж шинжилж судалж байж л хордуулсан эсэхийг хэлэх боломжтой” гэв.
Хүн амины хэрэг мөрддөг мөрдөн байцаагч нартай уулзахад “Аливаа хүн нас барсан тохиолдолд хумсны толь хөхөрч харлах, биеийнх нь гар хүрээгүй хэсэгт толбо үүсдэг. Хэрэв хордуулсан бол үзэж шалгах олон шинж тэмдэг илэрдэг. Талийгаачийн эхнэрийн ярьсанчлан хорлогдсоныг нотлох хангалттай баримтыг нь судалж, мөн шаардлагатай шинжилгээг дахин хийж байж л хордуулсан эсэхийг хэлэх боломжтой” гэлээ.