Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын газрын дарга Г.Бадарч нарт холбогдох хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх уржигдар 10.40 цагаас эхлэн хаалттай хэлэлцлээ. Тэднийг Эрүүгийн хуульд заасан төрийн нууц задруулсан, хүний нэр төрд халдаж гүтгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх зүйл ангиар ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас яллагдагчаар татсан юм.
Ч.Сангарагчааг Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчин, Э.Амарбатыг 15 хоногийн турш тагнаж чагнасан гэсэн үндэслэлээр шалгаад нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзжээ. Шүүх хурал уржигдар 22.00 цаг болтол үргэлжилсэн. Энэ өдрийн хуралдаан гэрч, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шилжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан зэрэг хүмүүсийн мэдүүлэгтэй танилцсанаар дууссан юм.
Харин өчигдөр 09.30 цагт эхэлсэн шүүх хурал прокурор, өмгөөлөгч нарын яллах, цагаатгах нотлох баримттай та нилцсанаар эхэлж, 12.40 цагийн үед түр завсарлаад үргэлжилсэн. Үдээс хойших хуралдаан эхлэхэд улсын яллагч Е.Сагсай ялын саналаа хэлсэн бөгөөд 16.30 цагийн үед прокурорын санал болгосон ялын санал шүүмжлэлийг хоёр тал хэлэлцсэн.
Өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд үргэлжилсэн шүүх хурал 18.30 цагийн үед завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдлөө. Бүтэн хоёр өдрийн турш хэ лэлцсэн анхан шатны шүүх хурлын эцсийн шийдвэр 21.30 цагийн үед гарлаа. АТГ-ын дарга Ч.Сангарагчааг дөрвөн үйлдэлд гэм буруутайд тооцож хоёр жил дөрвөн сар, Д.Сундуйс үрэн, Ө.Алтангадас нарыг хоёр жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин АТГ-ын Тамгын газрын дарга Г.Бадарчийг өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарыг 23.00 цагийн үед цагдан хорихоор Ганцхудаг руу авч явлаа.
Г.РАВЖАА