Энэ сарын 9-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-ын нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх ялалт байгуулсан билээ. Улмаар төрийн тэргүүний үүргийг зургаан жил гүйцэтгэхээр болсон түүний тангараг өргөх ёслол өнөөдөр болж, улс төрийн болон урлаг соёлын олон эрхмүүд хүрэлцэн ирсэн харагдав. Үүний дунд залуусын төлөөлөл болсон "Ангууч" буюу Л.Баттөр, "Vandebo" хамтлагийнхан ч хүрэлцэн ирсэн байв. Харамсалтай нь, залуу үеийн төлөөлөл болсон дээрх хамтлагийн уран бүтээч Б.Эрдэнэболд төр, тэргүүнийг эс хүндэтгэв бололтой төрийн ордны их танхимд электрон тамхи татаж, олны дургүйцлийг хүргэв.
Монгол түмний уламжлалт хувцастай зохицуулан пүүз өмсөх, тамхи татах, эс татах нь хувь хүний асуудал боловч төрийн ордонд ийм үйлдэл гаргах нь хориотой. Үүнээс улс төрийн соёлд суралцаагүй, төрөө хүндэтгэдэггүй нь харагдана.