Өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн, албаны тэрэгтэй явж байна гэж танилцуулсан залуугийн талаарх бичлэг өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 28 настай, эрэгтэй Б.Сэргэлэн гэгч нь 2021 оны зургадугаар сарын 24-ний 20.00 цаг орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын замд 00-73 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа бусад жолоочтой үл ойлголцож, улмаар өөрийгөө Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн, албан ажлаар албаны тэрэгтэй явж байна хэмээн тусгай дуут дохио ашигласан болох нь тогтоогджээ. Уг үйлдэлд нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтэст холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна. Тухайн асуудалд нэр холбогдогч иргэн Б.Сэргэлэн нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон цагдаагийн байгууллагад ажилладаггүй болохоо өөрөө албан ёсоор мэдэгджээ. Мөн иргэдийг айлгах гэж Хууль зүйн яамны ажилтан, цагдаа гэж хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.