Монгол Улсын Онцгой байдлын албаны 12 аврагч газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд туслахаар эх орноосоо мордсон. Тэднийг хаана хуваарилсан, ямархуу нөхцөлд, юу хийж байгааг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын дарга, комиссар С.Цогтбаатараас тодрууллаа.
-Манай аврагчид хаана байгаа вэ. Аврах ажиллагаанд оролцоод эхэлсэн гэсэн үү?
-Тийм ээ. Мияги мужийн Нотари хотод энэ сарын 19-нд очингуут аврах ажиллагаанд оролцож эхэлсэн. Нурсан барилга, байгууламж дороос хүн аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа.
-Тайваний аврагчидтай хамт байгаа юм уу?
-Тайваний аврагчидтай тэнд хамтран ажиллаж байгаа.
-Хаана байрлаж байгаа бол?
-Уг нь өөрсдөө майхантайгаа явсан. Гэхдээ Японы тал тэднийг өөр байранд оруулсан гэсэн.
-Аврагчидтайгаа яаж холбоо барьж байгаа вэ?
-Сансрын холбооны “Иридум” утсаар харилцаж байна. Гэхдээ тэнд холбоо муу байна гэсэн. Тасалдаад байгаа.
-Аврагч нэмж илгээх, хугацааг нь сунгах талаар ярьсан уу?
-Манай аврагчид Японд 14 хоног ажиллана. Одоогоор хугацааг нь сунгах, нэмж аврагч явуулах талаар яриа гараагүй байна.
Х.Болор