Нутаг нэгтнүүдээрээ хар тамхи, мансууруулах бодис хилийн чанад руу зөөлгөж, элэг нэгтнүүдээ харьд золиосолсон Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцээд, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Тэд БНХАУ-д бүх насаараа хоригдох ял шийтгүүлсэн Л.Байгалмаа, Бангладешт баригдсан Б.Нандинцэцэг болон Малайз руу хар тамхи тээвэрлэхийг завдсан Р.Оюунцэцэг нарт их хэмжээний героин өгч, Зүүн өмнөд Азийн орнууд руу тээвэрлүүлжээ.
Ингэхдээ “Л.Гантуул БНХАУ-д амьдардаг. Нөхөр нь гадаад хүн. Тэр хүн сүлжээний маш том бизнес эрхэлж, Арабаас алт авчран, БНХАУ-д борлуулдаг” гэж хүмүүсийг хууран мэхлээд хар тамхиа зөөлгөдөг байсныг тогтоосон. Энэ хэргийг Баянгол дүүргийн шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд хэлэлцээд мансууруулах бодис зөөвөрлөх гэмт бүлэглэл байгуулсан, нэр бүхий хүмүүсээр удаа дараа тээвэрлүүлсэн гэсэн үндэслэлээр Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт 12 жил хорих ял оноосон юм.
Мөн тэдний ятгалгаар мансууруулах бодис зөөсөн Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарт зургаан жил нэг сар хорих ял оноож Л.Гантуулын дүү Л.Гандаваад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.
Өөрсдөд нь оноосон дээрх ялыг Л.Гантуул, Ё.Оюунбилэг нар хүлээн зөвшөөрөлгүй, хилсээр ял оноосон хэмээн давж заалдсан юм.
Г.Равжаа