Налайхын нүүрсний бичил уурхайд өчигдөр зургаан хүн угаартаж амиа алдлаа. 23-32 настай тэдгээр залуу бүгд Налайхынх. Уул уурхайн аврах албаныхан 15.50 цагт дуудлага аваад очиход залуус хэдийнэ нас барсан байжээ. “Цагаан ташаа” компанийн эзэмшлийн уурхайд уг явдал болсон байна. Энэ талаар Уул уурхайн аврах албаны дарга Ц.Жанчиваас тодрууллаа.
-Уурхайд яагаад угаарын хий дэгдсэн юм бол?
-Угаар үнэртээд байна гэсэн дуудлагаар 12.00 цагийн үед манай албаныхан очиж хэмжээд угаарын хий тархсаныг тогтоож, түүнийг хаасан. Ингээд явсны дараа хажуугийн уурхай руу нь энэ залуус ороод угаартсан байна. Тэдний цогцсыг уурхайн 30-35 метрийн гүнээс гаргаж авсан.
-Уурхайн гүнд нүүрс шатсан юм уу?
-Тийм. Нүүрс нь шатсан уурхай газар доогуур өөр уурхайтай холбоотой байсан бололтой. Тэгээд угаар хажуугийн уурхай руу тархжээ.
-Талийгаач нарын дунд нэг гэр бүлийн хүмүүс бий юү?
-Мэдэхгүй. 23, 26, 32 настай хүн тус бүр нэг, 24- тэй гурван залуу байжээ.
Х.ИРМҮҮН