Говь-Алтай аймгийн төв буюу Есөнбулаг суманд байдаг Орон нутгийг судлах музейд өнгөрсөн даваа гаригийн үүрээр хэсэг хүн халдаж, бурхан дээрэмдээд зугтжээ. Цагдаагийн байгууллагын эх сурвалж “Гэмт этгээдүүд нүүрээ халхалсан байсан бөгөөд манаачийг нь хүлж орхиод, 1.60 см өндөртэй, 200 орчим кг жинтэй, гуулин цутгамал бурхан дээрэмдсэн тухай мэдээлэл 05:20 цагт ирснийг шалгаж байна” гэв. Орон нутгийн эх сурвалж энэ хэргийн талаар “Тухайн шөнө манаач Санжид ээлжтэй байсан юм билээ. Гэвч тэдний зээгийн сэвлэг үргээх ёслол давхацсан тул Санжид ажилдаа ирээгүй байна.
Харин түүний хүү нь аавынхаа оронд музейг манаж хоносон байсан. Хүү нь 03.15 цаг болтол телевиз үзэж байгаад хэсэг зуур амрах хооронд 04.00 цагийн үед цонхыг нь хагалан нэг хүн дайрч орж ирсэн байгаа юм. Түүнтэй ноцолдож байх хооронд араас нь хоёр ч хүн орж ирэн түүнийг хүлжээ. Бүгдээрээ хар ноосон малгай нүхэлж өмссөн, бяд муутай гурван залуу байсан гэсэн.Тэдний нэг нь сөөнгөдүү хоолойтой болохыг “Дуугарвал буудна, ална шүү” гэж сүрдүүлэхэд нь сонссон байна лээ.
Энэ үед гэрэл унтарсан байгаа юм. Гэмт этгээдүүд торх шиг юм шатаар доош нь буулгаж байгааг манаач залуу сонссон гэж тайлбарлаж байгаа” гэлээ. Музейд халдагчид манаачийн өрөөгөөр дамжин эрхлэгчийн өрөөнд орж, ширээнд нь байсан нөөц түлхүүрээр гадна хаалгыг онгойлгон бурхнаа гаргаад, буцаан цоожилсон байжээ. Манаач залууг хүлээтэй нь орхисон ч тэрбээр яаж ийж байгаад гараа суллаж чадсан байна. Музейд халдсан дээрэмчид цонхны хөшгийг мултлан манаачийг битүү боож, хөлийг нь цагаан уяагаар хүлсэн байсан гэнэ. Хүлгээ тайлсны дараа тэрбээр гэмт этгээдүүдийн орж ирсэн цонхоор гарч, цагдаагийн хэлтэст очиж дуудлага өгсөн байна.
Цагдаагийнхан хэргийн газарт ирж, үзлэг хийх гэтэл цахилгааны кабель утсыг тасалсан байжээ. Цагдаа нар аймгийн цахилгаан шугам сүлжээний газраас хүн дуудсан ч монтёр байхгүй, амарч байгаа гэсээр 10.00 цагийн үед диспетчер ирж цахилгаантай залгуулсан байна. Ингээд үзлэг хийхэд хэд хэдэн өрөөний хаалгыг эвдэж, заримыг нь хөшөөд дийлэлгүй орхисон байжээ. Хамгийн сүүлд сан хөмрөгийн өрөөнд орж зургаан тө мөр шүүгээ эвдсэн ч дотроос нь юу ч аваагүй бай - сан гэнэ.
Өчигдөр аймгийн Боловсрол, соёлын газраас комисс томилон тооллого хийхээр болсон ч комиссын даргаар томилогдсон хүн нь алга байна гэсэн мэдээлэл ирсэн юм. Түүний зэрэгцээ музейн сан хөмрөгийн эрхлэгч нь амралттай, 2-3-хан хоногийн өмнө амаржсан тул тооллогод оролцож чадахгүйгээс өөр зүйл алдагдсан эсэхийг нарийн хэлж мэдэхгүй байгаа аж. Уг бурхан нэлээд эртний, нарийн хийцтэй. 1.60 см өндөр, 73 см суурьтай, суурь нь 52 см зузаан аж. 1997 онд хийсэн тооллогоор уг бурхны хэмжээг ингэж тэмдэглэсэн байна. 2008 оны тооллогоор ч яг ингэж бүртгэжээ.
Харин 2008 онд зах зээлийн үнэлгээг тогтооно гэж байсан ч өнөөг хүртэл үнэлээгүй, 1980- аад оны сүүлийн үеийн тооллогоор 20 мянган төгрөгөөр үнэлсэн нь одоо болтол хэвээр байгаа юм байна. Аймгийн Цагдаагийн хэлтсийнхнээс өчигдөр 18.00 цагийн үед лавлахад шалгалт үргэлжилж, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Яг хэчнээн төгрөгийн хохирол учирсан бэ гэдгийг тогтоогоогүй. Тооллогын комиссын дүнгээс хохирлын хэмжээ тог - тоогдох байх гэсэн юм.
Г.РАВЖАА