Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт өнгөрсөн сарын 20-нд гэр бүлийн хоёр хүнийг буудаж, нөхрийнх нь амийг бүрэлгэж, эхнэрийг нь шархдуулсан хэрэг гарсан. Энэ хэргийг тэдний охинтой үерхэж, улмаар хүүхэдтэй болгосон Б.Нэргүй гэдэг 26 настай залуу үйлдсэн бөгөөд зугтахаар дулаан хувцас, хоол унд зэхэж байхад нь тус сумын хэсгийн төлөөлөгч саатуулсан билээ.
Энэ хэргийн явцын талаар Төв аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад “Б.Нэргүйг яллагдагчаар татан, удахгүй прокурорт шилжүүлэх гэж байна.
Тэрбээр ямар ч боловсролгүй, уншиж бичиж чаддаггүй нэгэн. Тиймээс сэжигтнээр саатуулан авчирснаас өмгөөлөгчтэй байцааж байгаа. Б.Нэргүй нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1985 онд төрсөн, ах П.Банди, ээжийнхээ хамтаар 2004 он хүртэл амьдарч байсан. 2004 оноос өнөө хүртэл Эрдэнэ сумын нутаг, Худгийн хоолой гэдэг газарт амьдарч байгаа.
Хохирогч эмэгтэй М “Манай охинтой үерхэж байсан Б.Нэргүй нөхөр бид хоёрыг гэрт чинь хүргэж өгнө хэмээн дагуулж гарсан. Тэгээд хээр аваачин, эхлээд манай нөхрийг буудаж амийг нь бүрэлгэсэн.
Дараа нь намайг буудаж, улмаар нүх ухаж, талийгаач бид хоёрыг хийж, дээрээс хайрга чулуугаар дарж, ул мөрөө баллахыг оролдсон” гэж мэдүүлсэн. Хохирогчийн энэхүү мэдүүлэг болон бусад нотлох баримт, мөн өөрөө анхныхаа мэдүүлгээр хэргээ хүлээсэн. Тиймээс уг хэргийг удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлнэ” гэв.